Цаг үеийн мэдээ

Монгол Улсын боксын үндэсний шигшээ баг олимпын эрх олгох сүүлчийн тэмцээнд оролцож, өчигдөр тэмцээн дууссан. Улмаар О.Есүгэн, М.Энхжаргал нар олимпын эрхээ аваад буй. Харин 1972 оноос хойш тасралтгүй авсан эрэгтэй боксын олимпын эрхийг энэ удаад авч чадалгүй дуусгасан талаар олон нийтийн цахим сүлжээнд шүүмжлэлүүд их гарах боллоо. Үүнд МУГТ Э.Цэндбаатар тайлбар хийв.

Тэрбээр “Тамирчдын хувьд сэтгэл санаагаар үнэхээр уначихсан байгаа. Та бүхэн дэмжээд өгөөрэй. Бүх л тамирчид рингэн дээр ялах гэж гардаг. Ялагдана гэж гардаггүй. Би эхний раундад ялсан гэж бодсон ч ялагдчихсан. Эхний раундад ялагдчихаар урагшаа явахаас өөр аргагүй. Бүх зүйлээ л гаргалаа. Харамсалтай байна. Ямар ч байсан 133 орноос олимпын эрхээ аваагүй улс маш олон байгаа. Манайх 2 эрх авчихсан. Олимпод шууд орчихдоггүй. Заавал эрхээ авч оролцдог болохоор жаахан хэцүү. Энэ тэмцээн чанга болж байна. Миний хувьд дутуугаа гүйцээж чадсангүй. Олимпод оролцож чадахгүй боллоо. Эхний тоглолтод Вьетнамын тамирчинг хожоод, 2 дахь тулаанд Тажикистаны тамирчин жингээр хасагдаад, 3 дахь тулаанд Болгарын тамирчинд хожигдлоо. 

Миний тулааны бичлэг фейсбүүк дээр байгаа. Үзэж болно. Эхний раунд 4:1-ээр эсрэг талд өгсөн. Тэгээд урагшаа явсаар байгаад л хожигдсон. Ямар ч ухрах араа байгаагүй. Олимпын эрхээ аваад, олимпын медаль авахыг маш их хүсэж байсан. Тэмцээнээ энэ хүрээд өндөрлүүллээ. Итгэж найдаж байсан хүмүүсийнхээ итгэлийг алдсанд маш их харамсаж байна. Бас уучлалт хүсэж байна” гэв.

-Эсрэг тамирчнаа судалсан уу?

-Судалгаа байлгүй яах вэ. Солгой өрөлттэй. Гарч ирээд л шууд зодолдох байх гэж бодтол зугтаад л. Тиймэрхүү л юм болсон. Ингээд л тэмцээн дуусчихсан сэтгэл санаа хүнд байна. 

-Мэргэжлийн боксын дараагийн тулаан хэзээ вэ?

-Наймдугаар сард дараагийн тулаанаа хийнэ. Манайхаас О.Есүгэн, М.Энхжаргал нар олимпын эрхээ авсан. 2 эмэгтэй тамирчин. Олимпын эрх олгох сүүлийн тэмцээн маш чанга болж байна. Эрэгтэй тамирчид жаахан хүнд байна. Тэмцээн үнэхээр чангаа боллоо. 133 орны 500 гаруй тамирчин орсон. Нэг жинд л бараг  70 хүн байсан. 3 хожчихоод байхад л ямар ч медаль байхгүй. Заавал 4 юмуу 5 хожиж байж олимпын эрхээ авах байлаа. Сэтгэл санаа авах юм алга. Үнэхээр хичээсэн болохоор.

-Наймдугаар сард болох тулааны дараа ямар зорилго тавьсан байгаа вэ? 

-Мэргэжлийн боксын тулаан одоо 10:0 байгаа. Наймдугаар сард тулаанаа хийгээд хожих юм бол Дэлхийн аваргын төлөө тоглоно. Дахин дахин баярлуулсаар байх болно оо. Та бүхнийгээ. Бүр шантраад байгаа юм бол байхгүй. Маш их хүсэж байсан олимпын медалиа л авч чадсангүй.  Их хичээсэн шүү. Үнэхээр их хичээсэн шүү. 

-Бэлтгэлдээ хэзээ гарах вэ?

-Надад амрах 7 хоног л байна. Монголоо маш их санасан байна. Гэр бүлийнхэнтэйгээ 7 хоног амраад зургадугаар сарын 10-нд Америк явна. Одоо бол монголынхоо баг тамирчидтай гоё байна. Америкт ганцаараа бэлтгэлээ хийгээд, ганцаараа өөрөө өөртэйгөө ажиллаад хичээгээд явна даа. Хичээж байгаад ямар ч байсан мэргэжлийн боксын Дэлхийн аварга болно оо. 

-Олимпын эрхээ авч чадаагүй хэчнээн орон байгаа бол?

-133 орноос бараг тал нь аваагүй байх. Хожигдсон тамирчдын сэтгэл санаа маш хэцүү байгаа. Ер нь хүнийг унасан дээр нь дэвслэх хамгийн муухай. Урмын үг ийм үед маш их хэрэгтэй байдаг. Шантраад боксоо болиод энгийн амьдралаар амьдрана гэдэг маш хэцүү шүү дээ. Усаа хасна, хоолоо хасна, жингээ хасна. Дөрвөн жил тасралтгүй нэг зүйлээ хийнэ. Зорилго тавиад түүнийхээ төлөө хичээж байтал хожигдчихоор чинь ямар олиг байх вэ дээ. Намайг дэмжиж байсан хүмүүсийнхээ итгэлийг алдсандаа үнэхээр харамсаж байна. Одоо мэргэжлийн боксынхоо л карьер руугаа явна даа.     

-Дараагийн олимпод оролцох уу?

-Одоо сонирхогчдын бокс дахиж тогломооргүй байна. Сүүлдээ өөрөө ч ойлгохоо байчихлаа. Мэргэжлийн бокс нь амар юм байна. Бүх зүйл нь ойлгомжтой. Наймдугаар сард дараагийн тулаанаа хийгээд хожих юм бол Дэлхийн аваргын төлөө тулалдана. Ийм л байна даа. 

С.ОТГОН

Таны сурталчилгаа