Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг гардуулан өглөө.

Өнөөдөр /2024.06.07/ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажилагаатай танилцах, “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг гардуулж өгөх ёслолын ажиллагаа Цагдаагийн ерөнхий газарт зохион байгуулагдлаа. 

Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд, зөвлөлийн гишүүд, удирдлагууд оролцсон юм. 

Мөн цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагаас танхимаар болон цахимаар 3735 алба хаагч оролцлоо. 

Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд хэлсэн үгэндээ:

“...Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын мандаттай Олон улсын энхийг дэмжих ажиллагаанд 2006 оноос эхлэн оролцож, хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэж ирсэн. Монгол Улсын Их Хурлаар “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталснаар дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад цагдаагийн баг бие даан оролцох эрх зүйн орчин бүрдэж байгаа билээ. 

Энэхүү хууль шинэчилсэн батлагдсантай холбоотойгоор Засгийн газрын тусгай сангийн тухай, Цагдаагийн албаны тухай хуулиудад “Цагдаагийн хөгжлийн сан”-ийн талаар нэмэлт, өөрчлөлт орж, Нэгдсэн Үндэстэний Байгууллагын энхийг дэмжих ажиллагаанд оролцсоны нөхөн төлбөрийг техник, хэрэгслийн шинэчлэл, алба хаагчдын  нийгмийн халамж, үйлчилгээ зэрэг шаардлагатай санхүүжилт тодорхой хэмжээгээр шийдвэрлэгдэж, цагдаагийн байгууллагаас үйл ажиллагаандаа олон улсын төрөлжсөн байгууллагуудын ажлын туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, бүс нутгийн болон олон улсын хамтарсан энхийг дэмжих ажиллагааны сургалтуудыг бие даан зохион байгуулах нөхцөл бүрдэх юм” хэмээв.

Таны сурталчилгаа