Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ зургаадугаар сарын 14-ний өдрөөс өмнө шалгаарай.
Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн үйлдэх бөгөөд түүнийг нягтлан шалгах, давхардлыг арилгах, бүртгэгдээгүй сонгуулийн эрх бүхий иргэнийг бүртгэх, эдгээртэй холбоотой гомдлыг шийдвэрлэх ажлыг Улсын бүртгэлийн ерөнхий газар холбогдох хууль тогтоомж, нарийн дэг журмын дагуу зохион байгуулдаг.
Сонгогчдын нэрийн жагсаалт нь цаасан болон цахим хэлбэртэй бөгөөд сонгогчийн талаар дараах мэдээллийг агуулдаг. Үүнд:
Сонгогчийн эцэг /эх/-ийн нэр
Өөрийн нэр
Нас
Хүйс
Регистрийн дугаар
Оршин суугаа газрын хаяг.
Сонгогч, сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон гэр бүлийн гишүүний мэдээлэлтэй танилцах эрхтэй бөгөөд бүртгэгдсэн эсэхээ election.burtgel.gov. mn цахим хуудсаас шалгах, эсвэл өөрийн харьяалагдах сонгуулийн хэсгийн хороонд сонгогчдын нэрийн жагсаалт очсон үеэс биечлэн шалгах боломжтой. Сонгогчдын нэрийн жагсаалтыг улсын бүртгэлийн байгууллага санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө буюу 2024 оны зургаадугаар сарын 14-ний өдрөөс өмнө тухайн орон нутаг дахь газар, хэлтсээрээ дамжуулан хэсгийн хороонд хүргүүлнэ. Хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээн авсан өдрөөс эхлэн өөрийн ажиллах байранд, өөрийн ажиллах байргүй бол сум, хорооны Засаг даргын Тамгын газрын байранд сонгогч өөрт нь холбогдох мэдээлэлтэй чөлөөтэй танилцах боломжтой.