Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөн II шат руугаа орлоо. Тодруулбал, “Шинэ хоршоо хөдөлгөөн 2.0” хоршоологч, үйлдвэрлэгчийн түншлэл нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Ингэснээр хоршоод стандартын дагуу бэлтгэсэн малын гаралтай түүхий эдээ боловсруулах үйлдвэрт тогтвортой нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэх юм. Өөрөөр хэлбэл хоршоод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хаана худалдан борлуулах вэ гэдэг асуудалтай тулгардаг. Тэгвэл үйлдвэрлэгч нартай хамтран ажилласнаар өөрсдийн түүхий эдээ нэмүү өртөг шингэсэн үнээр нийлүүлэх боломж бүрдэж байна.
Монгол Улс 64 сая мал, 180 гаруй малчин өрхтэй. Малчид хатуу өвөл, хахир хаврыг малын хорогдол ихтэй, хүндхэн давсан. Тиймээс Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачлан эрчимтэй хэрэгжүүлснээр сар гаруй хугацаанд анхан шатны хоршоо 3778, дундын хоршоо арав байгуулагдаж, 38464 малчин гишүүнээр элсэж, 70 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авчээ. Одоогоор хоршоологчдын хүссэн 140 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг холбогдох байгууллагууд судалж байгаа аж.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн онд 3.4 сая толгой, энэ онд 7.4 сая толгой мал хорогдсон байна. Үүнийг мөнгөн дүнд шилжүүлбэл, хөдөө аж ахуйн салбар, малчид 2.2 их наяд төгрөгийн хохирол амсжээ. Тиймээс эрсдэлд тэсвэртэй, зөвхөн махнаас бус арьс, шир, ноос, ноолуур, дайвар бүтээгдэхүүнээс хүртэл ашиг орлого олох боломжтой чинээлэг малчин бий болгох зорилгоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж байна. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг нэг л өдөр санаачлаад хэрэгжүүлж байгаа юм биш. Олон улсын, төрийн бус болон мэргэжлийн байгууллагуудын олон жилийн турш хийсэн судалгаа, дүгнэлтэд үндэслэн боловсруулсан хөтөлбөр. Богино хугацаанд малчдын амьдралыг дээшлүүлэх, малын чанарыг сайжруулах, бэлчээр ашиглалтын байдал, малын гаралтай түүхий эдийг эргэлтэд оруулах учраас эрчимтэй хэрэгжүүлж байна. Хоршоологчид маань ирэх намраас бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж эхлэх тул бид хурдтай ажиллах шаардлагатай байгаа. Зээлийн батлан даалтын сан хоршоологчдын зээл дээр 80-100 хувийн батлан даалт гаргаагүй бол 70 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхгүй байсан. Тэгэхээр одоо энэхүү хөрөнгө оруулалтын боломжийг ашиглаж анхан шатандаа малчид маань хоршоо байгуулах, дунд шатандаа үйлдвэрлэгчтэй хамтран ажиллаж улмаар дэлхийн зах зээл рүү нийлүүлэх боломжтой болох нь. Энэ хүрээнд баруун бүс нутгийн Ховд аймагт үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна” гэлээ.
Ийнхүү “Шинэ хоршоо” хөдөлгөөн II шат руугаа орж, хөрөнгө оруулалтын зээл авч, үйлдвэрлэл үйлчилгээгээ өргөжүүлж буй хоршоологчид, үйлдвэрлэгчидтэй хамтын ажиллагаа өрнүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа. Тухайлбал, Дорнод аймгийн Баяндун сумын “Баяганга Бая” хоршооныхон “Булигаар” ХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Тус хоршоо анх арьс, ноосны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2009 онд байгуулагдсан ч эргэлтийн хөрөнгөгүй болж зогсонги байдалд оржээ. Яг ийм үед Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлж эхэлсэнд олзуурхаж, арьс ширийг үйлдвэрийн аргаар боловсруулж, нийлүүлэх зорилгоор 4.7 сая төгрөгийн зээл авсан байна. Тэд “Бид уламжлалт буюу гар аргаар арьс шир боловсруулдаг байлаа. Харин “Шинэ хоршоо” хөдөлгөөнд нэгдэж, хөрөнгө оруулалтын зээл авснаар шаардлагатай тоног төхөөрөмж авч үйл ажиллагаагаа илүү боловсронгуй болгож байна. Хоршоологчид үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ хаана, яаж нийлүүлэх вэ гэдэг асуудалтай тулгардаг. Тэгвэл энэхүү санамж бичгийг байгуулснаар эл асуудал бүрэн шийдэгдэж байгаад баяртай байна” гэлээ.
Сэрсэнчимэд
2024-06-15
Шинэ хоршоо хөдөлгөөн өрнөж байгаад баяртай байна.