Цаг үеийн мэдээ

АН-ын хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадоржтой ярилцлаа.

-Өвөрхангай аймагт болсон хэргийн талаар тодруулах боломж бий болов уу?

-Бид сумын намын хорооноос мэдээлэл авч байна. Сонгууль эхлээд 7 хонож байгаа. Өчигдөр буюу зургаадугаар сарын 15-ны өдөр 19:00 цагт МАН-ын нэгдүгээр тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүсийн уулзалт болсон юм байна. Энэ үед УИХ-ын дарга Г.Занданшатараар ахлуулсан таван нэр дэвшигч уулзалтаа хийсэн. 21:00 цаг өнгөрч байхад Сант сумын засаг, АН-ын сумын дарга н.Баянмөнх рүү 3-4 согтуу залуу өөрсдийгөө МАН-ын гишүүд гээд дайрч орсон байна лээ. Яг одоо бид Баянмөнх даргын амь насанд халдсан иргэн О гэгч нь МАН-д ямар бүртгэлтэй вэ, намын харьяат уу, ухуулагч уу, ажиглагч уу, ямар бүртгэлтэй вэ, СЕХ-нд ямар нэгэн бүртгэл бий юу гэдгийг тодруулахаар СЕХ руу хүсэлт явуулсан. Орон нутгаас ирсэн мэдээллээр тухайн иргэн О гэгч нь СЕХ-нд бүртгэлтэй МАН-ын ухуулагч юм байна. Энэ хүн ирээд “УИХ-ын дарга өөрөө ирчихсэн сонгуулийн сурталчилгаагаа хийж байхад та нар яагаад очдоггүй юм бэ” гэж хэлээд буцаад явсан юм байна. Тэнд Баянмөнх даргатай хамт 3-4 хүн байсан. Гэтэл 10 минут орчмын дараа эргэж ирээд “Та нар яахаараа манай намын хуралд ордоггүй юм бэ. Та нар хэн юм бэ” гэдэг байдлаар согтуурхан нүүрэн тус газар нь өшиглөсөн. Төвөнх нь цааш чихэгдээд түргэн дуудсан. Тэр хооронд Баянмөнх амь насаа алдсан байна. Баянмөнх дарга нутаг орондоо нэр хүндтэй. 50 гаруй настай. АН-ын тэргүүлэх гишүүн. Хийж бүтээснээрээ нутаг орондоо нэртэй. Харилцаа хандлагаараа ч нутаг орондоо хүлээн зөвшөөрөгдсөн бидний хүндэт ах. Мөн тухайн сумынхаа Уяачдын холбооны дарга. Энэ дотроос хамгийн анхаарууштай нь тэр хүн сумынхаа АН-ын дарга, анхан шатны даргаар ажиллаж байсан. Өнөөдөр өглөө бид яаралтай байдлаар мэдээлэл аваад, 12:00 цагт мэдээлэл хүргүүлэх чиглэлээр хэвлэлийн хурлаа хийлээ.  Занданшатар, Даваадалай, Цогцэцэг, Тэмүүлэн, Ганболд гэсэн 5 гишүүн нэр дэвшсэн юм байна. Одоо бид 15:00 цагт хэвлэлийн хурал зарласан. Тийшээ явах гэж байна. Бид яаралтай хажууд нь байсан хүмүүсийг хамгаалалтад ав гэж ЦЕГ руу хүсэлт илгээсэн. Хоёрдугаарт, энэ хэргийн үнэн мөнийг олоход яаралтай анхаарал хандуул. Гуравдугаарт, Монгол төрийн сонгууль явж байх энэ агшинд хэн нэгний амь нас бусдын гарт огт үрэгдэж болохгүй. Дайнтай орон биш. Монгол төрийн сонгууль болдгоороо болоод дуусна. Нутаг орны иргэдийг хооронд нь ингэж талцуулж болохгүй гэсэн шаардах бичгийг бид явуулсан. Сонгуулийн ерөнхий хороо руу талийгаачийн амь насанд хүрсэн иргэн О-гийн албан ёсны СЕХ-нд бүртгэлтэй албан тушаалыг гаргаж өгөөч ээ гэж бичиг явуулсан. Ар гэрт нь бид ажлын хэсэг гаргаад сэтгэл санааг засах, амь нас үрэгдсэн хэргээр хуулийн баг гаргачихсан ажиллаж байна. 

-ХЗДХ-ийн сайд өөрийн фейсбүүк хуудастаа хүний амь насанд хүрсэн гэх О-г цагдан хорьсон гэх мэдээллийг гаргажээ. Энэ үнэн үү? 

-Би хуулийн багийнхантайгаа холбогдсон. Хуулийн багийнхан яалт ч үгүй хажуудаа гэрчтэй байсан. Хүний амь насанд санаатайгаар халдах нь 12-20 жилийн ялтай гэсэн. Тиймээс цагдаагийн байгууллага хорьсон гэдэг нь үнэн байх. Гэхдээ сонгуулийн процесстой холбоотой энэ үед бүхэл бүтэн АН-ын анхан шатны даргын амь насанд халдана гэдэг нь МАН-ын ухуулагч нар байгаа. Тэр дотроо согтуу хүмүүс ажиллаж байна гэдэг МАН-ын гишүүд ирж дарамтлаад, буцаж 10 минутын дараа ирээд хүний амь насанд халдана гэдэг цаанаа ямар нэгэн захиалгатай байх магадлал өндөр гэдгийг манай хуулийн багийнхан хэлж байна. Үүн дээр цагдаагийн байгууллагынхан яаралтай ажиллах байх гэдэг чиглэлийг манай хуулийн багийнхан өгчихсөн ажиллаж байна. 

-Энэ хэргээс үүдээд АН-аас нэр дэвшсэн бүх хүмүүст өгөх зөвлөгөө, анхааруулга юу байна вэ?

-Яг энэ хэргээс үүдээд Сонгууль эрхэлсэн төв байгууллагын үүднээс, ажлын албаны даргын хувьд 21 аймаг, 9 дүүрэгт ажиллаж байгаа ухуулагч, намын дарга нартаа болгоомжтой бүх зөвлөмжийг дотооддоо бид шуурхай хүргэсэн. Цаашид АН сүүлийн нэг жилд монгол орноо тойроод явж байхад Монголын төрийн дарамт, цагдаа, хууль хүчний дарамт маш өндөр байна гэдгийг иргэд гишүүд бүгд ярьж байсан. Гэхдээ хэзээ ч ингэж хүний амь насанд хүртлээ, сонгуульд ялахын төлөө, хүний амь насанд хүрэхээр улайран зүтгэнэ бодсонгүй. Сонгууль эрхэлсэн төв  штабын байранд хүртэл энгийн хувцастай орж ирж, манай намын штабын энгийн ажилтныг 48 цаг саатуулдаг, хяналтын байгууллагууд тэдний төлөө өдөр шөнөгүй ажилладаг, яаж ийж байгаад нэр татуулахыг үздэг, АН-ыг маш өндөр дарамтад унагадаг, нөгөө талаас АН руу хандив хүртэл өгч болохгүй гэдэг санхүүгийн дарамтыг хүртэл тавьчихсан. Энэ цаанаа магадгүй ардчилал нэрийн дор хийгдэж байгаа хамгийн сүүлчийн сонгууль байх. Бид өнөөдөр эрх чөлөөнийхөө төлөө сонгууль хийхгүй бол маргааш болоход Монголын эрх чөлөө, ардчилал үнэхээр хүнд түвшинд очсон юм байна. Өнөөдрийн энэ үйлдлээрээ МАН үүнийг нотоллоо. Өнөөдөр орой 21:00 цагт АН талийгаачдаа зориулж зул өргөнө. Сүхбаатарын талбайд та бүхэн 21:00 цагт ирээрэй.

С.ОТГОНБАЯР

Таны сурталчилгаа