Өвөрхангай аймгийн Сант суманд 2024 оны тавдугаар сарын 15-16-нд шилжих шөнө хүний амь нас хохирсон эмгэнэлт хэрэг гарсан. Уг гэмт хэргийг УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаярын ухуулагчаар бүртгүүлсэн ажиллаж байсан П.Отгонбаатар үйлдсэн болохыг цагдаагийн байгууллагаас мэдээллээд байсан юм.
Уг асуудалтай холбогдуулан МАН-ын зүгээс Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэн, эгүүлэн татах улс төрийн шийдвэрийг гаргасан тухайгаа өнгөрөгч бямба гарагт зарласан.
Дээрх асуудалтай холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нэр дэвшигчийн сонгуулийн компанит ажлыг бүрэн зогсоож байгаа тухайгаа Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдлээ.
Тэрбээр,
"МАН-ын Сонгуулийн төв штабаас Г.Сайханбаяр нэр дэвшигчийн сонгуулийн кампанит ажлыг бүрэн зогсоосон. Нэр дэвшигч Г.Сайханбаярын тухайд уг гэмт хэргийг үйлдсэн этгээдтэй өөрөө уулзаж албан ёсны гэрээ хэлцэл байгуулаагүй хэдий ч МАН-ын зүгээс төрийн эрх барих дээд байгууллага болох парламентыг бүрдүүлэх сонгуулийг илүү хариуцлагатай эмх замбараатай явуулах үүднээс нэр дэвшигчийг эгүүлэн татах шийдвэрийг гаргасан. Гэвч уг асуудалтай холбогдуулан тодорхой улс төрийн намын удирдлага болон тухайн тойрогт нэр дэвшигчид энэ золгүй үйл явдлыг сонгуулийн кампанит ажлынхаа нэг хэсэг болгон ашиглаж байгаад харамсалтай байна. Уг золгүй явдлыг улс төржүүлэлгүй ёсзүйтэй хандахыг улс төрийн намууддаа уриалж байна" гэв.