Цаг үеийн мэдээ

МАН-ын Сонгуулийн төв штаб Г.Сайханбаярт ёс зүйн хэм хэмжээг баримталж нэр дэвшигчээс эгүүлэн татах, сонгуулийн сурталчилгаагаа зогсоох улс төрийн шийдвэр гаргаснаа СЕХ-д албан ёсоор өглөө. 

МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэлдээ “Монгол Ардын Намын сонгуулийн төв штабаас улс төрийн шийдвэр гаргаж нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагааг зогсоох, нэр дэвшигчээс эгүүлэн татах асуудлаар Сонгуулийн ерөнхий хороонд албан бичгээр хандлаа. Асуудлыг та бүхэн мэдэж байгаа. Энэ сарын 15-16-нд шилжих шөнө золгүй явдал болж иргэн Б амь нас хохирсон. Үүнтэй холбоотойгоор амь хохироогч П.Отгонбаатар нь нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн штабт ухуулагчаар ажиллахаар явж байсан учраас бид ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн. Нэр дэвшигч Г.Сайханбаярын хувьд гэмт хэрэгт холбогдогчтой өөрөө уулзаж гэрээ байгуулаагүй, амь хохироогч этгээд нь сонгуулийн сурталчилгааны ажилд оролцож эхлээгүй байсан хэдий ч Монгол Ардын намын зүгээс улс төрийн сонгуулийг илүү хариуцлагатай, эмх замбараатай явуулах үүднээс ийм шийдвэр  гаргасан. Гэвч энэ асуудалтай холбогдуулан тодорхой намын удирдлага, тухайн тойрогт нэр дэвшигчдийн зүгээс энэ золгүй явдлыг сонгуулийн кампанит ажлынхаа нэг хэсэг болгон ашиглаж байгаад манай нэр дэвшигчийн зүгээс харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Сонгуулийн кампанит ажил илүү хариуцлагатай, ёс зүйтэй явах ёстой цаг үе дээр бид ирээд байна. Иймд  улс төрийн намууд, улстөрчид уг асуудал дээр хариуцлагатай, илүү идэвхтэй хандахыг уриалж байна. Монгол Ардын нам ёс зүйн хэм хэмжээг баримталж нэр дэвшигч Г.Сайханбаярын  сонгуулийн кампанит ажлыг зогсоосон. Нэр дэвшигчийн сонгуулийн  ажил газар дээрээ бүрэн зогссон гэлээ. 

Таны сурталчилгаа