Цаг үеийн мэдээ

Японд тархаад буй стрептококкийн халдвар дэлхийн бусад оронд тархах эрсдэлтэйг анхааруулжээ. Японы эрүүл мэндийн салбарынхан үхэлд хүргэж болзошгүй хоолойн стрептококкийн халдвараар өвчлөгсдийн тоо нэмэгдэж байгааг анхаарууллаа. Японд 2024 оны эхний гурван сард бүртгэгдсэн стрептококкийн  шокийн хам шинжийн (STSS) тохиолдлын тоо 600 гаруй болсон нь өнгөрсөн оны нийт 941 тохиолдлын талаас илүү хувь юм. Ахмад настнуудад энэ халдварын хүндрэлийн эрсдэл өндөр байдаг ч Японы Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад энэ төрлийн өвчлөл 50-аас доош насны өвчтөнүүдийн  нас барах шалтгаан болж байна.

“The Guardian” хэвлэлд мэдээлснээр, аминд аюултай А бүлгийн стрептококкийн хүнд хэлбэрийн халдвар хэрхэн үүссэн тухай шинжээчид тодорхой хэлж чадахгүй байна. Кавасакигийн анагаах ухааны их сургуулийн профессор Такаши Накано халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Стрептококкийн шокийн шинж тэмдэг нь, өндөр халуурах, бие зарайх, хоолой, өвдөх булчин шархирч өвдөх, дотор муухайрах, бөөлжих зэргээр илэрдэг байна. Стрептококк бактерийг махчин бактери гэдэг байна. Учир нь тус бактери эсийг үхүүлж, дотор эрхтнүүдийн үйл ажиллагааг огцом сааруулдаг ажээ. Хэдийгээр өндөр настнуудыг эмзэг бүлэгт хамруулдаг ч Японд 50 хүртэлх насны хүмүүсийн дунд эрчимтэй тархаж, 21 нас баралт бүртгэгдсэн тухай “Асахи Шинбүн” сонинд онцолжээ. Стрептококкийн халдвар агаар, дуслын замаар болон биеийн контакт үүсэхэд халдварладаг. Мөн шархаар дамждаг. Чихрийн шижинтэй хүмүүс эрсдэлийн бүлэгт багтдаг байна.

Б.НАНДИН-ЭРДЭНЭ

Таны сурталчилгаа