Цаг үеийн мэдээ

Исламын шашинтнуудын хамгийн том мөргөл Саудын Арабын ариун Мекка хотод үргэлжилж байна. Хаж мөргөл үргэлжлэх тав хоногийн хугацаанд агаарын температур хэт халж үүний улмаас нас барсан хүний тоо 600 орчим болсныг Саудын Арабын албаны хүмүүс мэдээлжээ.

Агаарын хэм цельсийн 50 градуст хүрч хэт халснаас үүдэлтэйгээр олон зуун хүн нас барснаас гадна 2000 гаруй хүний эрүүл мэнд муудсан аж. Меккад нас барсан 600 орчим хүний дийлэнх нь буюу 320 гаруй нь Египетээс ирсэн мөргөлчид байна. Жил бүрийн өдийд исламын шашны ариун хот гэгддэг Мекка хотод хаж мөргөлд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс мөргөлчид цугладаг уламжлалтай. Энэ жил 1,8 сая мөргөлч иржээ. Мөн Йорданаас ирсэн 60 гаруй мөргөлч, Амман улсын 40 гаруй мөргөлч амь үрэгдсэнийг дипломат төлөөлөгчийн газрууд мэдээлсэн байна.

Меккад жил бүр хаж мөргөлийн үеэр хэт олон хүн нэг дор цугласнаас үүдэлтэйгээр шахцалдах, мөргөлчдийн түр байрладаг майхан шатаж галд автах, цаг агаар хэт халах зэргээс шалтгаалж олон арван хүн амиа алддаг. Өнгөрсөн жил 10,000 гаруй мөргөлч хэт халуунаас үүдэлтэйгээр өвчилж, 240 хүн нас барсан байна. Эдгээр нас барсан мөргөлчдийн дийлэнх нь Индонез улсаас ирсэн мөргөлчид байсан юм. Харин 2015 онд хэт олноороо шахцалдаж бөөгнөрснөөс болж 2,000 хүн амь үрэгдсэн нь сүүлийн 30 орчим жилийн хугацаанд хамгийн олон хүн амь үрэгдсэн тохиолдол ажээ.

Б.НАНДИН-ЭРДЭНЭ

Таны сурталчилгаа