Өмнөд Солонгосын нийслэл Сөүлээс өмнө зүгт 45 км (28 миль) зайд орших Хвасон хотын Aricell үйлдвэрт даваа гарагийн өглөө гал гарсан байна. Орон нутгийн телевизийн бичлэгт гал сөнөөгчид галыг унтраахаар ажиллаж байх үед жижиг дэлбэрэлтүүд гарч байгааг харуулжээ.
Өмнөд Солонгос бол цахилгаан тээврийн хэрэгслээс эхлээд зөөврийн компьютер хүртэлх олон төрлийн эд зүйлд ашиглагддаг лити батарейны тэргүүлэгч үйлдвэрлэгч юм. Одоогоор галын улмаас 16 хүн нас барсан гэж Ройтерс агентлаг мэдээлсэн ч эцсийн байдлаар амиа алдагсдын тоо илүү өндөр байж магадгүй юм. Ёнхап агентлагийн мэдээлснээр 20 орчим цогцос олдсон гэжээ.
Aricell үйлдвэр нь хоёрдугаар давхартаа ойролцоогоор 35,000 зайны эсийг байрлуулсан бөгөөд батарейг шалгаж, савлан, илүүг нь өөр газар хадгалдаг байв. Одоогийн байдлаар галын шалтгаан тодорхойгүй байна. Албаныхны мэдээлснээр гал гарах үед гэрчүүд хоёрдугаар давхарт хэд хэдэн дэлбэрэлтийн чимээ сонссон. Тухайн үед 100 орчим ажилчин байрлаж байсан. Орон нутгийн гал түймрийн албаны ажилтан Ким Жи Ён хэлэхдээ "нэмэлт дэлбэрэлт болохоос болгоомжилж" тухайн газар руу ороход хэцүү байсан. Батарейны зайн дараалсан дэлбэрэлт нь галын хурдацтай тархахад хүргэсэн гэж нэмж хэлэв.
Литиум гал нь устай хүчтэй хариу үйлдэл үзүүлэх чадвартай тул гал сөнөөгчид галыг унтраахын тулд хуурай элс ашиглах шаардлагатай болсон бөгөөд галыг унтраахад хэдэн цаг зарцуулсан байна.
Эх сурвалж: BBC.com
Б.НАНДИН-ЭРДЭНЭ