УИХ-ын 2024 оны сонгуулиар хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, арилгах хүрээнд хуулиар чиг үүрэг хүлээсэн байгууллагуудтай ХЭҮК хамтран ажиллаж сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажлыг хийсэн. Тухайлбал, иргэдийн сонгох сонгогдох эрх болон сонгуулийн үеэр анхаарах асуудлыг СЕХ, УБЕГ, ЦЕГ холбогдох олон улсын байгууллага, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Улс төрийн 22 намтай уулзалт зөвлөгөөн хийж, хүний эрхийг хангах чиглэлийг мөрийн хөтөлбөртөө тусгахыг уриалсан. 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Их хурлын сонгууль явагдахтай холбоотой сурталчилгаа дууссан. Сурталчилгаа дууссанаар сонгуульд санал өгөх эрх бүхий иргэд саналаа нууцаар чөлөөтэй өгөхөд комисс анхаарлаа хандуулж, өнөөдрийн хувьд зөөврийн хайрцгаар санал авах үеэр хөндлөнгийн мониторинг хийж байна.
2020 оны сонгуулийн өдөр цагдаагийн байгууллагад 2569 гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл ирсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 182, зөрчлийн шинжтэй 2387 дуудлага, мэдээлэл ирсэн. Бэлэн мөнгө, эд зүйлс тараасан гэх 27, нэр дэвшигчдийн нэр төр алдар хүндийг гутаан доромжилсон, худал мэдээлэл нийтэд тараасан гэх 63, самбар хагалсан гэх 47, сурталчилгааны материал санаатайгаар устгах, урах эвдэх, бохирдуулсан гэх 2, хуульд зааснаас өөр арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсан гэх 17 гомдол мэдээлэл өмнөх сонгуулийн үеэр бүртгэгдэж байжээ.
2020 оны УИХ-д нэр дэвшигчдийн сонгуулийн тайлан харвал 612 нэр дэвшигчээс сонгуулийн зардлын тайлангаа 462 нэр дэвшигч тайлангаа аудитын байгууллагад ирүүлсэн. 137 нэр дэвшигч тайлангаа өгөөгүй гэсэн зөрчил гарчээ.
2020 онд тэргэнцэртэй иргэн санал өгөх боломжгүй байсан. Энэ удаад зөрчлийг арилгах талаар зөвлөмжийг хүргүүлсэн. Мөн сонгуулийн сурталчилгаанд оролцож байсан намын үүрийн дарга, сумын Засаг дарга бусдад алагдсан хэрэг энэ удаад гарсан. Иймээс нэр дэвшигчид болон сонгуулийн үйл ажиллагаанд оролцож байгаа хүмүүст дараах уриалгыг манай байгууллагын зүгээс гаргаж байна.
-Улс төрийн нам эвслийн нэр дэвшигч бусдыг үзэн ядалт, хүчирхийлэлд уриалан дуудахгүй байх, бусдын нэр төрд халдсан худал мэдээлэл тараахгүй байх,
-Эмэгтэй улстөрчдийг харлуулсан мэдээлэл түгээхийг хориглох, хүйсийн хувьд гутаан доромжлогдохгүй байх, улс төрийн харилцан өрсөлдөөнд аливаа хүйст хүндэтгэлтэй хандахыг уриалж байна.
-Иргэдийг санал өгүүлэх зорилгоор санал авах байр руу зөөвөрлөхийг зогсоох, сонгуульд оролцохоос татгалзах, нэр дэвшигчдийг багаар нь сонгуулах зэргээр сонгогчдын сонгох эрхэд хөндлөнгөөс нөлөөлөхгүй үзэл бодлыг хүндэтгэхийг хүсэж байна.
С.ОТГОН