Цаг үеийн мэдээ

Ганцхан санал ялалт ялагдлыг шийдэх тохиолдол бий

Дөрвөн жилд ганц тохиох торгон цаг мөч ирлээ. Маргааш 2024 оны УИХ-ын ээлжит сонгууль болж, ард түмэн засаглах эрхээ эдэлнэ. Ганц санал ганцдахгүй. Иргэн таны санал улс орны цаашдын хувь заяа гэдгийг ойлгох цаг ирсэн. Бид үүрэг хариуцлагыг бусдаас нэхдэг. Хэн нэг агуу хувьсгалч тэнгис, далайг гаталж ирээд шударга ёсыг бий болгоно гэх үлгэрт итгэдэг. Гэвч тэнгис далайг гаталж ирэх Хэн нэг хүн бол ТА өөрөө. Ард түмнээс тодрох засаглалыг сонгох сонголт таны гарт ирэхэд хэдхэн цагийн хугацаа үлджээ. Тиймээс сонголтоо хийцгээе. Сонгуульдаа идэвхтэй оролцоцгооё. Хэн нэгний бус зөвхөн таны санал, таны хувь заяа.

Олонхын сонголт, энэ бол ардчилал

Ард түмнээс тодорч ард түмний засаглалыг парламентад хэрэгжүүлэх улс төрч тодруулна гэдэг асар ярвигтай үйл хэрэг. Энэ удаагийн сонгуульд 1400 орчим нэр дэвшигч өрсөлдөж байна. Энэ хүмүүсийн ердөө 10 хувь нь УИХ-ын гишүүн болно. Үүнийгээ дагаад 20-40 мянган иргэнийг төлөөлөх эрх мэдэл ирнэ. Нөгөө талаараа хүч чадал, үүрэг хариуцлага. Сонгогдож чадаагүй 90 хувиас мэдээж сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй хэсэг нийгэмд гарч ирж дуу хоолойгоо илэрхийлнэ. Улс төрч хүн ялалт, ялагдал дунд оршдог. Үүнийгээ ойлгоогүй улс төрч гэх нэртэй хүмүүс ард иргэдийг жагсаал цуглаан, нийтийг хамарсан эмх замбараагүй байдалд уриалж өдөөн хатгах магадлал байдаг. Тиймээс бид хэрсүү байж, улс орон үнэт зүйл, сонголтоо хамгаалж, ард түмний олонхын засаглалаас тодорсон шинэ эрх баригчдаа хүндэтгэн хүлээн авах нь зүйтэй. Ер нь улс төрч гэдэг өөрийгөө бүрэн золиослоод ч болов ард түмэн, эх орноо өөд нь татахыг хичээх тэр сэтгэлийг хэлдэг. Гэвч асар их хэмжээний мөнгө сонгуульд зарцуулж, эрх мэдлийн төлөө улайрсан хүмүүс, ялагдалдаа хорсож, үймээн самуун дэгдээх явуургүй үзэгдэл аль ч газар ажиглагддаг.

Сонгууль маш нарийн, ярвигтай зохион байгуулагддаг улс төрийн үзэгдэл. Маш нарийн хяналт, хууль зүйн хүрээнд явагддаг. Энэ жил гэхэд гаднын сонгуулийн байгууллагууд, Европын парламентын төлөөлөгчид, олон улсын байгууллага, ТББ-ууд, улс төрийн нам, иргэдийн төлөөлөл гээд хөндлөнгөөс манай улсын сонгуульд хяналт тавьж байна. Сонгогчдын саналыг "хар машин"-аас гадна 100% дахин гараар тоолж баталгаажуулна. Энэ нарийн процессоос гарах үр дүн бол олонхын сонголт. Ардчиллын үнэт зүйлээ дээдэлж, сонгуульдаа идэвхтэй оролцъё, сонгуулийн үр дүнг хүндэтгэлтэйгээр хүлээн авцгаая.

Б.АМАР

Таны сурталчилгаа