Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын сонгуульд саналаа өглөө. 

Тэрбээр саналаа өгч гарч ирээд мэдээлэл хийв. 

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ "Монголын ард түмэн бид бүхэн 1992 оны шинэ Үндсэн хуулиас хойш 9 дэх удаагийн парламентын сонгуулиа өгч байна. Энэ удаагийн сонгууль хэд хэдэн зүйлээр онцлог. Нэгдүгээрт, бид анх удаа 76 гишүүнийг нутаг дэвсгэрийн нэгжид тулгуурласан төлөөлөлтэй УИХ-ыг түүх болгон жаазлан үлдээж байна. Ингээд салбар салбарын дуу хоолой бүхий 126 төлөөлөлтэй, Монгол Улсын түүхэнд анхны парламентыг энэ сонгуулиараа бүрдүүлж байна. Энэ ч агуулгаараа сонгуулийн ирц урьд урьдынхаас илүү байна уу гэж ажиглагдаж байна. Яагаад гэвэл өмнө нь хилийн чанадад байгаа монголчуудын төлөөлөл парламентад ордоггүй байсан. Энэ удаа төлөөлөл нь жагсаалтаар нэр дэвшиж орж ирлээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл тэр бүр тойргоос сонгогдож чадалгүй 34 жил явсан. Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл анх удаа парламентад орж ирэх боломж бүрдлээ. Мөн шинжлэх ухаан, үйлдвэрчин, хувийн хэвшлийн төлөөлөл жагсаалтаар нэр дэвшин орж ирж байна. Салбар салбарын дуу хоолой болсон гэх агуулгаараа нийгэм маш их идэвхжиж байна гэж харлаа. Өмнөх сонгуулиудаас энэ удаагийн сонгуулийн ирц өндөр байна. Дахин уриалахад үлдэж байгаа цаг хугацаанд иргэд маань, манай залуучууд, ахмадууд саналаа өгөхийг уриалж байна. Яагаад гэвэл ардчилал төлөөллөө түр хугацаанд эрх бариулах боломжийг өгдөг. Ирц өндөр байх тусмаа олон улсын ардчиллын индекс рүү ахиж байдаг учиртай. Тиймээс бүгдээрээ ардчилсан сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

Би сая 21 аймаг, дүүргүүдэд 30 гаруй уулзалт хийлээ. Сүүлийн 30 жилийг иргэд дүгнэж байна. Анх ардчилсан хувьсгал болоод Санжаасүрэнгийн Зориг ардчилсан хувьсгалын талаар үг хэлж байсан. Тэр нь улс орны эрх ашиг нэгдүгээрт байх ёстой. Дараа нь намын эрх ашиг байна. Тэгээд хувийн эрх ашиг байна. Мэдээж энэ бол чөлөөт нийгэм. Энэ эрх ашгийн эрэмбэ дараалал хэрвээ алдагдвал ардчилалд, парламентад итгэх итгэл суларч, төр иргэн хоёр хоорондоо үл ойлголцоно гэдэг агуулгатай зүйлийг ярьж байсан. Харамсалтай нь С.Зориг амиа алдсанаар энэ эрэмбэ дараалал, эрх ашиг яг эсрэгээрээ болж явсан. Хувийн эрх ашгийн төлөө улс төрийн намыг ашигладаг болсон. Нам дамнасан бүлэглэл үүсэж, стратегийн ордуудыг стратегийн орд биш гэж авсан. Төрийн мөнгөөр хувьдаа Эрдэнэтийн 49 хувийг авахаас эхлүүлээд олон олон эрх зүйт төрд байж боломгүй зүйлүүд болсон. Сүхбаатарын талбайгаа дундуур нь хувааж худалдсан. С.Зоригийн хөшөөг ч худалдсан. Ногоон байгууламжууд устсан. Сургуулиудын ард талын талбай, эмнэлгүүдийн талбай бүгдийг нь худалдсан. Аль ч ардчилсан нийгэмд нийтийн эзэмшил рүү ингэж халдаж байсан тохиолдол байхгүй. Энэ бол хэм хэмжээг арай зөрчсөн. Энэ нь улсын эрх ашигт хортой болж дууссан. Тийм учраас энэ удаагийн сонгууль 30 жилийн хугацаанд явсан дүгнэлт байгаасай. Мөн төр иргэн хоёрын хамтын ажиллагааны шинэ хуудас, урам зоригийн сэргэлт байгаасай. Хамтдаа хотоо янзлах, бүсчлэн хөгжих, ногоон байгууламжуудаа сэргээх, шинжлэх ухааныг дээдлэх, инженерүүдээ сонсдог байх, зөвхөн улстөрчид бүгдийг тодорхойлдог биш парламент илүү ард түмний дуу хоолой байгаасай. Өөрөөр хэлбэл парламент илүү ард түмэнжээсэй. Энэ агуулгаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийгдсэн. Өнөөдөр цоо шинэ 30 жил Монгол Улсын түүхэнд эхэлж байна. Төлөөлөл бүхий парламент хэрхэн ажиллахыг, мөн улс төрийн намууд хэрхэн бодлогын мэтгэлцээнд тулгуурлахыг бүгдээрээ хамтдаа харъя. Энэ сонгуулиар мэтгэлцээнд 2-3 удаа гурван бодлогоор мэтгэлцье гэдэг санаачилгыг гаргасан. Харамсалтай нь Үндэсний телевиз дээр бусад намууд тэгш оролцоотой байх ёстой гэдэг үндэслэлээр явж чадсангүй. Бүх намууд орно гэхээр мэтгэлцээн биш хэлэлцүүлэг болчих гээд байлаа. Уг нь бол цаашдаа парламентад суудал авсан улс төрийн намын дарга нар гадаад бодлогоор, эдийн засгийн бодлогоор, засаглалын бодлогоор мэтгэлцдэг байвал илүү мэдээллийг өгөх боломж байлаа. Бүсчлэгдэж байна. Зөвхөн өөрийнхөө аймгийг ярихаа больсон байна. Аймгууд хоорондоо байгаа давуу талаа ярьж байна. Хоорондоо байгаа дэд бүтцийг холбох тухай ярьдаг болсон. Тэгэхээр бүсүүд дээр мөн бодлогын мэтгэлцээн өрнөнө. 5 минутаар бүх хүн үг хэлдэг дэг өөрчлөгдөнө. Нэг үгээр хэлбэл намууд өөрийнхөө үзэл санаан дээр очно. Социалдемократ үзэл санаагаа ярина. Либерал намууд либерал үзэл санаагаа ярина. 

Бусад сонгуулиудыг бодвол зурагт хуудас багатай, эрээ мяраан зүйл багатай сонгууль болж байна. Ирц өндөр байна гэдэг нь бид илүү хэрсүүжин төлөвшиж, ардчиллын хоёр дахь үеийн давлагаа эхэлж байна гэдэгт хувь хүнийхээ хувьд найдаж, ардчилсан монгол иргэний хувьд саналаа өглөө. Та бүхэндээ баярлалаа" гэв.

С.ОТГОНБАЯР

Таны сурталчилгаа