Цаг үеийн мэдээ

2024 оны УИХ-ын сонгууль дуусаж, шинэ парламентын бүрэлдэхүүн анхны чуулганаа хийлээ. Энэ үеэр шинэхэн гишүүдээс тодрууллаа.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Түүхэн өдөр болж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр анх удаа 126 гишүүн өнөөдөр тангаргаа өргөж байна. Монгол Улс өөрөө уул уурхайн баялагтай орон. Уул уурхайн салбараас хамааралтай. Мөн хамаг асуудал нь уул уурхайн салбар дээр байж байдаг. Тэгэхээр Үндсэн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд газар доорх баялаг ард түмний өмч. Дийлэнх нь ногдохоор ард түмэндээ хуваарилна, Үндэсний баялгийн сангаар дамжуулж олгоно гэж Үндсэн хуульдаа заасан. Үндсэн хуулийн хүрээнд ялангуяа 6.2-т зааснаар байгалийг хэрхэн хуваарилалтыг хийх вэ, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрхэн зөв хэрэгжүүлж, байгалийн баялгаа түшиглээд хөгжсөн орны тоонд орох вэ, дотоодын бүтээгдэхүүнээ цааш нь хэрхэн өсгөх вэ зэргээр анхаарч ажиллана. Энэ нь Монгол Улсын эдийн засгийг цааш нь тэлэх үү, үгүй юу, байгалийн баялаг ард түмэндээ шударга хуваарилагдах уу гэдгийг шийдэх хамгийн том шийдэл. Мөн хувь хүний хөгжил тэр дундаа боловсрол. Бидний асуудлын 90 хувийн шийдэл нь дандаа боловсрол, боловсрол, бас дахин боловсрол. Тэгэхээр боловсролын хүртээмж, чанар, шударга тогтолцоог хийх ёстой. Монгол Улс даяар 21 аймгаар, 9 дүүргээр, бүх сургуулиудаар, орон сууцны хорооллын сургууль байна уу, гэр хорооллын сургууль байна уу хамаагүй бүгдэд нь хүртээмжтэй очих ёстой. Тэгэхээр үүний төлөө ажиллах болно. 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр холимог системийг оруулж ирсэн. Тиймээс бусад орны жишгийг бид харах ёстой. Монголтой хамгийн ойрхон жишиг Шинэ Зеландын жишиг байдаг. 1997 онд Шинэ Зеланд манайх шиг холимог системийг оруулж ирэхээс өмнө том хоёр нам нь л хороондоо өрсөлддөг. Яг л монголтой ойролцоо жишигтэй байсан. Үүнийг холимог тогтолцоонд шилжүүлснээс хойших статистикийг нь та бүхэн харах юм бол 1997 оноос хойш дийлэнхтэй хамтарсан Засгийн газар байгуулсан жишиг байдаг. Тэгэхээр энэ нь зүгээр л хоорондоо тохиролцох ойлголт биш. Энэ нь бодлогын хувьд ч урт хугацаандаа илүү тогтвортой явах, үүн дээр дагалдаад томоохон мега төслүүд ямар нэгэн улс төрийн гацаагүйгээр явах шийдэл нь болж өгдөг. Тэгэхээр олон улсын жишгийг харсан ч зөвхөн энэ удаа гэлтгүй дараа дараагийн сонгуулиуд явсан ч хамтарсан Засгийн газар байгуулагдах магадлал өндөр. 

С.ОТГОН

Таны сурталчилгаа