2024 оны УИХ-ын сонгууль дуусаж, шинэ парламентын бүрэлдэхүүн анхны чуулганаа хийлээ. Энэ үеэр шинэхэн гишүүдээс тодрууллаа.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Ард иргэдийн сонголт МАН-д ялалтыг өгсөн. МАН дангаараа засгаа байгуулах ёстой гэж бид үзэж байгаа. Бидэнд ямар нэгэн урилга ерөөсөө ирээгүй. Чилийсэн 4 жил байна. Улс төр яаж өрнөхийг одоогоор хэлэхэд бэрх. Гэхдээ ямар ч нөхцөлд Үндэсний эвсэл хуулийн зөрчил, элдэв хулгайтай хатуу тэмцэх болно. Түүнийгээ л хэлье.
-Урилга ирвэл та хүлээн авах уу?
-Чилийсэн 4 жил байна. Харна. МАН ямартаа ч дангаараа засгаа байгуулаад явах сонголтыг ард иргэд хийсэн. Тэр сонголтод МАН хүндэтгэлтэй хандах ёстой гэсэн байр суурьтай байгаа.
-Таныг МАН-ын угшилтай учраас эргээд намтайгаа нийлнэ гэсэн таамгийг зарим хүн дэвшүүлээд байгаа. Энэ тал дээрх байр сууриа илэрхийлбэл?
-Нэгэнт Үндэсний эвсэл үүсгэн байгуулагдаад 4 дэх сардаа улс төрийн үйл ажиллагаагаа явуулж байна. Иргэд сонгогчдын зүгээс ч бас Үндэсний эвслийг УИХ-д байх ёстой улс төрийн хүчин гэж үзсэн. Иргэд сонгогчдынхоо сонголтод хүндэтгэлтэй хандана. Тиймээс элдэв байдлаар эргэж буцах зүйл байхгүй. Би МАН-аас гурвантаа хөөгдсөн хүн. Тийшээ зүглээд байх сэтгэл ч алга.
-Танд ямар нэгэн хувийн өс хонзонгийн сэдэл бий юу?
-Ийм өрөвдөлтэй асуулт битгий асуу. Тэхдээ тэргүй миний өнгөрсөн 12 жилийн улс төрд ямарваа нэгэн байдлаар хувийн эрх ашиг хөөж яваагүйг хангалттай нотолдог. Янз бүрийн ашиг сонирхол үүсэх санал хураалтад би оролцдоггүй. Тийм л байр суурь баримталдаг. Түүгээрээ л байх болно. Номтойбаяр өөрчлөгдөөгүй шүү.
-Үндэсний эвслийн томоохон хандивлагч хэн бэ. Жишээ нь, Эм Си Эс групп танай томоохон хандивлагч гэсэн мэдээлэл яваад байна.
-Үндэсний эвсэл Сонгуулийн тухай хуульд заасны дагуу жагсаалтаас нэр дэвшсэн нэр дэвшигчид маань үндсэн хандивын санхүүжилтийг бүрдүүлсэн. Тайлан онлайнд нээлттэй байгаа. Хэн хэдэн төгрөг өгөв. Жижиг, дунд үйлдвэрлэл ер нь хувийн хэвшлээс тодорхой хэмжээний хандив орж ирсэн. Энэ ташрамд талархаж байгаагаа илэрхийлье.
-Эм Си Эс групп хэдэн төгрөг хандивласан бэ?
-Манайхаас нэг ч төгрөг орж ирээгүй.
-Үндэсний эвсэл хамгийн эхний ажлаа юунаас эхлүүлэх вэ?
Өнгөрсөн УИХ-ын сонгуулиудаар сонсгол нэртэй нүглийн нүдийг гурилаар хуурах дайны юм болсон. Нүүрсний хулгай, Хөгжлийн банк гэх мэтчилэн энэ асуудлууд үндсэндээ тэр үед дийлэнх олонхоороо байсан нам хавтсыг нь харуулаад хуудас руу нь орж чадалгүй хаасан. Тэгэхээр намрын чуулган эхлэхэд Үндэсний эвсэл хяналтын байр сууринаас үйл ажиллагаагаа явуулна. Төлөвлөсөн ажлууд маш тодорхой байгаа. Үүнийг Үндэсний эвслийн албан ёсны төлөвлөгөөт ажлын хүрээнд та бүхэнд танилцуулъя. Өөрөөр хэлбэл сонсгол нэртэй олон асуудлуудыг дахиж сөхөхөөс өөр арга зам байхгүйг илэрхийлье.
-Сүүлийн жилүүдэд хувийн хэвшил рүү хэтэрхий орох байдал ажиглагдлаа. Та үүнд ямар арга хэмжээ авах вэ?
-Тэр ойлгомжтой. Өнөөдөр татвар төлдөг, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг жижиг, дунд үл хамаараад 55 мянган аж ахуйн нэгж байна. Түүнд хамааралтай өнөөдрийн эдийн засгийг бүрдүүлдэг 900 мянга гаруй хүн байна. Хувийн хэвшлийн эрх ашиг сүүлийн он жилүүдэд маш их зөрчигдсөн. Хувийн хэвшлийг төр нь дэмждэг биш эсрэгээрээ боомилдог болсон. Энэ хүрээнд Үндэсний эвсэл мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа хувийн хэвшилд тулгамддаг асуудлуудыг 4000 орчим хувийн хэвшлийн төлөөллийг сонсож байж мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Шат дараатай хийх ажлууд эхнээсээ маш ойлгомжтой байгаа. Татварын хууль, нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудлууд, НӨАТ, хэдэн зуугаар тоологддог зөвшөөрлүүд, нийтдээ манайд 880-аад хууль, түүнийг дагаж мөрддөг 6000 орчим журам байгаа. Энэ бүгдийг бид эргэн харж хууль зүйн хувьд маш том реформын ажлыг хийхээс өөр аргагүй. Хуулийн зүйл заалт нь бие биеэ үгүйсгэдэг, давхацдаг, төөрөгдүүлдэг. Үнэхээр замбараагүй байгаа. Тэгэхээр 5 улс төрийн нам эвслээс бүрдсэн энэ парламент дундаа ажлын хэсэг гаргаад өөр хоорондоо зөрчилтэй хувийн хэвшилд тээг болдог, хүн хөгжихөд садаа болдог хуулиудыг бүгдийг нь цэгцлэх маш түм хуулийн шинэчлэлийн ажлыг хийхээс өөр арга зам байхгүй.
С.ОТГОНБАЯР