Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын түвшинд 8 жилийн дараа хэрэгжсэн энэхүү айлчлалын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийв.
Айлчлалын үеэр хийсэн уулзалт, хэлэлцээний дүнд Улаанбаатар хотноо англи хэлний багш нарыг чадавхжуулах мэргэжлийн төвийг хамтран нээх, “Уул уурхайн долоо хоног – 2024” арга хэмжээний үеэр Монгол, АНУ-ын Эрчим хүчний яриа хэлэлцээг зохион байгуулахаар тохиролцсоноос гадна Монгол Улс, АНУ хоорондын “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-г 2025 он хүртэл сунгахаар шийдвэрлэлээ.
Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен-ийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг, Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайд Ө.Батбаяр, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Р.Буанган болон албаны бусад хүмүүс үдэв.