Цаг уур, орчны шинжилгээний улсын сүлжээний ажиглалтын мэдээгээр 2024 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар газар тариалан бүхий ихэнх нутгаар улаанбуудай сүүн бололтоос аарцан бололтын үе шатанд, төмс ихэнх нутагт цэцэглэлтийн төгсгөлөөс иш навчны гулжийлтийн үе шатанд байна. Улаан буудайн өндөр сорт болон тариалсан хугацаа, ургалтын үе шатнаасаа хамааран харилцан адилгүй буюу 52-100 см байна.
Энэ жил газар тариалан бүхий нутгаар хур тунадас олон жилийн дундаж (ОЖД)-аас ахиу орж, агаарын дундаж температур 6 дугаар сард олон жилийн дунджаас сэрүүн бусад хугацаанд дунджийн орчим байсан тул таримал ургамлын өсөлт, хөгжилт хэвийн үргэлжилж байна.
9 дүгээр сарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур газар тариалан бүхий ихэнх нутгаар дунджийн орчим бол хур тунадасны хувьд зөвхөн эхний 10 хоногт ахиу орох төлөвтэй байна. Иймд 9 дүгээр сарын дунд үеэр хөрсөн дээр цочир хүйтрэх, цан хяруу унах зэргээр таримал ургамлын ургац хураалтад таагүй нөлөөлж болзошгүй тул цаг агаарын богино болон дунд хугацааны мэдээг тухай бүрд авч ажиллах, эртнээс сэргийлж, хамгаалах арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.