“Баавгай болох сон” киноны найруулагч П.Золжаргалын Мобиком корпорацаас зохион байгуулсан “Smart education-4" төслийн нээлтийн арга хэмжээнд тавьсан илтгэлийг хүргэж байна.
Бүгдээрээ сайн байцгаана уу?
Би бүрэн хэмжээний кино хийхийн тулд эхлээд богино хэмжээний кино хийх ёстойгоо 2018 онд ойлгосон. "Баавгай болох сон" киногоо хийхийн тулд би олон продюсертой уулзсан. Тэдний хамгийн эхний асуулт: Чи өмнө нь ямар кино хийж байсан бэ? Би тэр үед ямар ч кино хийж үзээгүй байсан.
Тэгээд л богино кино хийх ёстой юм байна гэж ойлгоод ямар кино хийх вэ гэж бодсоор өөрийнхөө богино хэмжээний кино зохиолуудаа харсан. Хамгийн амархан хийж болох хоёрхон дүртэй, ганцхан газар зураг авалт хийж болох “Нүцгэн гэрэл” гэдэг зохиолоо сонгосон. Тэр үед надад багшаасаа зээлсэн 30 сая төгрөг байлаа. Японд сурч байсан зураглаач найз минь камер, линз гээд бүх зүйлээ үүрээд, өөрөө зардлаа гаргаад ирсэн. Тэгээд л бид зураг авалтаа эхлээд нэг сарын дотор хийхээр бэлтгэж эхэлсэн. Жүжигчдээ сонгоод, зураг авах газраа сонгоод, кино багаа бүрдүүлээд гурав хоногийн дотор кино зураг авалт маань маш амжилттай дууссан. Гэтэл нөгөө дүрсээ эвлүүлж эхэлтэл асуудал ундарч эхэлсэн. Яагаад гэвэл Hollywood-д нэг хуудас кино зохиол нэг минут хүрэх үү, эсвэл жаахан давдаг стандарттай байсан. Миний “Нүцгэн гэрэл” киноны есөн хуудас зохиол 40 минутын урттай болсон. Дотор пал гээд л явчихсан. Дийлэнх продюсеруудын хувьд богино кино 15 минутаас богино байх ёстой гэж үздэг. 15 минутаас хэтэрсэн киног богино кино гэж хүлээж авдаггүй. За яах вэ урт боллоо гэхэд сонирхолтой бол болно гэж үзэхэд миний кино би өөрөө үзэхэд хүртэл сонирхолгүй, нуршуу, уйтгартай кино болсон байсан. Тэгээд киноноосоо хасах хэрэгтэй болсон. Зохиол дээр байсан чухал хэсгүүдээ хүртэл хасаж явсаар сүүлдээ юу болоод байна аа гэж өөрөө эргэлзэхээр кино болсон. Зүтгэсээр байгаад 18 минутын кино болгоод дуусгасан. Тэр киногоо олон улсын кино наадмууд руу илгээж эхэлсэн. Харамсалтай нь нэг ч кино наадам миний киног сонгоогүй. Бууж өгөхгүй бүтэн жил тойр илгээсэн. Сонгоогүй. Энэхүү яг нэг жилийн хугацаанд би өөрөөсөө асуусан. Би яагаад бүтэлгүйтчих вэ, би хаана алдчихав. Уг нь би чинь японд киногоор сурсан хүн биш билүү. Дөрвөн жил сурсан биз дээ. Би зөндөө кино үзсэн. Зөндөө киноны ном уншсан. Би зөндөө чадварлаг хүмүүсээс ментор авсан гэтэл яагаад миний анхны кино бүтэлгүйтчих вэ. Жилийн хугацаанд би өөрөөсөө асуусаар, өөрийгөө ухсаар, шалтгаан нь юу вэ гэж хайсаар байсан. Тэгж, тэгж би шалтгаанаа олсон. “Нүцгэн гэрэл” киногоо хийхдээ би өөртөө маш их худал хэлсэн байсан. Би өөрийнхөө хайж байснаа ололгүй маш их дүр эсгэж, худал хэлж, жинхэнээсээ тэгнэ гэж бодоогүй зүйлээ “Тийм ээ, окэе” гээд л яваад, хийгээд байсан юм билээ. Жишээлбэл, жүжигчин сонголтоос би зохиол бичиж байхдаа бодож байсан дүрээсээ өөр жүжигчин сонгочихсон. Яагаад би олон хүнтэй уулзахаас төвөгшөөсөн, айсан. Тэгээд л энэ хүн байж болох л юм байна гээд бодчихсон. Жинхэнээсээ энэ хүн миний хайж байсан дүр мөн байна гэсэн хүнээ би сонгоогүй. Зураг авалт хийсэн газраа би өөрийнхөө “Энэ ч онцгой хүндээ” гэж боддог хүнийхээ гэрт хийчихсэн. Нөгөө хүн нь би чамд түлхүүрээ өгөөд л алга болно гэсэн чинь ирээд “Би яг одоо унтмаар байна. Одоо манай гэрээс яв” гэж хөөж эхэлсэн. Би хамгийн гоё сценээ дутуу машиндаж авахад хүргэсэн. Миний зураглаач найз надаас маш их туршлага хүн байсан учраас би тэр хүнээс эмээсэн. Би яг үнэндээ ийм дүрс авмааргүй байна гэж дотроо бодсон хэр нь түүнийгээ илэрхийлээгүй. За за энэ хүн лаг юм чинь. За за, окэе окэе гээд л аваад байсан. Хамгийн хүлээн зөвшөөрөхөд гашуун байсан үнэн нь би “Нүцгэн гэрэл” киногоо “Баавгай болох сон” киногоо хийхийн тулд хөрөнгө босгох гэж л хийсэн. Гэтэл энэ кино маань хайртай хүнээсээ хол амьдарч байгаа бүсгүй хүний гуниг ганцаардал, хэн нэгний халуун дулаан илч хайрыг хүсэж байгаа мэдрэмжийн тухай үгүйлэх ёстой кино байсан. Тэр түүхийг өгүүлэхийн тулд шатах ёстой байсан атал би зүгээр л хуймгаа, худал хандсан байна лээ. Би ер нь аймхай юм байна. Би бусдад сайхан мэдрэмж төрүүлэхийн тулд өөрийнхөө мэдрэмжийг хойш нь татдаг юм байна. Дардаг юм байна. Би асуудалтай нүүр тулахаас эмээдэг, сул дорой бас хулчгар юм байна. Би киноны салбарт эмэгтэй хүн учраас зөөлдөөд байгаа юм байна гэх мэтээр өөрийнхөө үнэн дүр төрхийг харж, учирч эхэлсэн. Энэ маш гашуун байсан. Хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй. Би өөртөө гутарсан. Би өөртөө уурласан. Тэгээд өөрийнхөө үнэнтэйгээ би эвлэрэхээр шийдсэн. Би ийм юм байна. Үгүй би ийм биш гэж өөртэйгөө тэмцэлдэж байгаад үүнийгээ хүлээн зөвшөөрсөн. Харин үнэнээ хүлээн зөвшөөрсний дараа миний толгойд шийдэл орж ирсэн. Одоо яах вэ. Чи кино хиймээр байна уу? Энэ байдлаараа байвал чи кино найруулагч болж чадах уу. Миний дотор хүн гоё кино хиймээр байсан. Би дэлхийг тойрдог, он жил цаг хугацааг давж явсаар үзэгчдэд үзэгдсээр байдаг киног хиймээр байсан. Тэгэхээр чи яах вэ? Яах ёстой вэ гэж би өөрөөсөө асуусан. Тэгээд би өөртөө амлалтууд өгч эхэлсэн. Хэрвээ миний авах гэж байгаа дүрс сэтгэл хөдөлгөөгүй, ийм жижигхэн ч гэсэн сэтгэл хөдөлгөөгүй бол би энэ дүрсийг авахгүй гэж өөртөө хэлсэн. Би хүн болгонтой байнга чанга дуугаар ярьж, дандаа хэрэлдээд байж чадахгүй. Тиймээс намайг сонсдог хүмүүсээр багаа бүрдүүлье. Надад ямар нэгэн байдлаар сэтгэл санаа болон бэлгийн дарамт учруулахгүй тийм хүмүүсийг би ажилд авдаг байя. Яг л бодож бичсэн дүрээ л би хайж олъё. Зөвхөн тийм л жүжигчнээ сонгодог байя гэх мэтчилэн олон амлалт би өөртөө өгсөн. Дараагийн кинондоо би ийм зүйл анхааръя гэх мэтээр. Мэдээж үнэнтэйгээ нүүр тулаад болчихсон ч одоо ингээд бодсон ч хүн шууд ийм болж хувирахад их хэцүү. Тийм учраас би Баавгай болох сон киногоо хийхээс өмнө хоёр богино кино хийсэн. Энэ хоёр киногоо хийхдээ өөрийн ур чадвараа тэлэхээс гадна өөрөө өөртөө үнэн байна шүү, өөрийгөө хуурахгүй шүү, худлаа ярихгүй шүү, аргацаахгүй шүү гэсэн тэр чадварыг өөртөө суулгаж, бэлтгэж, туршсан. Шууд сураагүй. Гэхдээ тэр шугамыг би барьж эхэлсэн учраас Шар автобус богино кино маань маш амжилттай болсон. Олон улсын кино наадмуудад шалгарч шагнал авч эхэлсэн. Шар автобус гээд сүүлийн богино киногоо нээсний дараа би мэдэрсэн. Би бэлэн. Одоо би бүрэн хэмжээний кино хийнэ. Би Баавгай болох сон киногоо хийхэд бэлэн гэж би өөрийгөө мэдэрсэн. Тэгээд “Баавгай болох сон”-гоо хийхээр зориг шулуудсан. Гурван өдрийн зураг авалтаас 30 өдрийн зураг авалт болж хэмжээ 10 дахин нэмэгддэг. Бүрэн хэмжээний кино хийхийн үед 10 дахин хэмжээ нэмэгдэж байгаа учраас 10 дахин сорилттой би тулгарна. энэ сорилттой тулахдаа би үнэн байж чадах уу. Үнэн байна шүү гэж өөртөө амласан. Тэгээд Баавгай болох сон киногоо би хийж эхэлсэн. Гол дүрийн хүүхдээ хайж олох гэж би 200 хүүхэдтэй уулзсан. Миний гол дүрд тоглох хүүхдээс бусад дүрүүд нь л олдоод гол дүрд тоглох хүүхэд маань олдохгүй байсан. Гэхдээ би бууж өгөхгүй уулзсаар, уулзсаар байгаад яг энэ хүү мөн байна, яг энэ зан ааш мөн байна. Надад яг энэ эрч хүч хэрэгтэй. энэ хүү мөн байна гэсэн хүүгээ сонгосон үедээ л энэ миний жүжигчин мөн гэсэн үедээ би шийдвэрээ гаргасан. Намайг сонсох, эмэгтэй хүнийг сонсох хүмүүсээр би багаа бүрдүүлж, чадсан. Яагаад Золоо, чи яагаад ингэж бодож байгаа юм бэ. Надад тайлбарлаад өгөөч гэж санал зөрөлдсөн үедээ надаас асууж, надад зөвлөх намайг ойлгох тийм хүмүүсээр би багаа бүрдүүлж чадсан. Мэдээж чамайг доош нь хийх, чамайг ад үзэх хүмүүс дандаа байна. Гэхдээ зөвхөн чамайг ойлгох, чиний сул талыг мэдэх хүмүүс ч гэсэн дандаа байдаг. Тэр хүмүүсээ хайж олох нь миний ажил байсан гэдгийг би ойлгосон. Миний яг үнэн юу вэ, миний үнэн мэдрэмж юу гэдгээ би зохиолоосоо эхлээд хайж эхэлсэн. Энэ зохиолын энэ хэсэг яг үнэн үү. Хөвгүүд хоорондоо суугаад ярихдаа яг ингэж ярьдаг уу. Энэ үнэн үү. Энэ хөгжим үнэн үү. Энэ дүрс үнэн үү. Энэ яг миний авах гээд байгаа сэтгэл хөдлөл мөн үү. Би шууд л үгүй гэвэл дахъя, дахиад авъя. Дахиад нэг зарцуулъя гэж явсаар яг өөрийн хүссэн үнэн түүхээ, өөрийн гаргамаар байгаа үнэн мэдрэмжээ гаргаад, хамгийн гол нь хэчнээн туршлагагүй, залуухан зарим талаар дутуу байсан ч хамаагүй хамтдаа бид чадна гэж итгэсэн кино багтайгаа хамт Баавгай болох сон киногоо хийж дуусгасан. Би яг үнэн мэдрэмжээрээ хийж дуусгасан учраас Монголоос анх удаа Каннын кино наадамд нэр дэвшсэн кино болсон.
Одоо дэлхийг тойрч кино театруудад гарч, үзэгчдэд хүрээд яг одоо монголыг төлөөлж Оскарын анхан шатны шалгаруулалтад кино маань мордсон. Ямар кино сайн кино болдог юм бол. Ямар кино он цагийг дамжиж хүмүүст хүрч, дахин дахин үзэгдсээр байдаг юм бол оо гэж олон хүн надаас асуудаг. Үнэн мэдрэмжээ хийсэн кино, чин сэтгэлээсээ хийсэн кино, чин сэтгэлийг өгүүлэх гэж хичээсэн кино, үнэнийг өгүүлэх гэж хичээсэн кино, тийм бүтээл үлддэг юм байна гэдэг хариултыг би хэлнэ. Үнэн гэхдээ дандаа сайхан байдаггүй. Муу муухай үнэн ч бас байдаг. Муу муухай үнэнээ хүлээн зөвшөөрөх үед доромжлол хүртдэг. Ичгүүртэй байдалд ордог. Гэхдээ тийм хөндүүр, ичгүүртэй байдалд орсон ч үнэнээ хүлээн зөвшөөрөх нь хамгийн том эр зориг. Энэ яг үнэн үү гэдэг зүйлийг хүний амьдралын бүх цаг үед өөрөөсөө асууж байх хэрэгтэй. Яагаад гэвэл үнэнтэйгээ нүүр тулсан цагт л бид шийдэлтэйгээ учирдаг. Үнэнтэйгээ зоригтойгоор бүгдээрээ нүүр тулж байгаарай. Түүний дараа хамгийн гол шийдэл гарч ирдэг. Үнэн та нарыг тавгүйтүүлж, үнэн та нарт таалагдахгүй байсан ч хүлээн зөвшөөрөөд шийдэл хайгаарай. Түүний дараа та нарт таалагдах үнэн бий болох болно. Хүсэл мөрөөдөл чинь үнэн дээр тулгуурлаж бий болох болно. Бүгдээрээ үнэнтэйгээ зоригтойгоор нүүр тулах эр зоригтой байгаарай.
Бүгдэд нь амжилт хүсье. Баярлалаа.
С.ОТГОНБАЯР
2024-11-06
ямар ч муухай хувцастай юм вээ царай муутай дээр нь хувцас муутай гэхээр Холливудад гарах уу даа чааваас