Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Их Хурлаас 2015 онд баталсан Монгол хэлний тухай хуулиар төрийн албан хэргийг кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулахаар хуульчилсан бөгөөд энэхүү зохицуулалт 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлээд байна. 

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас 1995-2005 онд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр I”, 2008-2015 онд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр II”-ийг тус тус батлан хэрэгжүүлж байсан бол хуулийн дээрх зохицуулалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг бүрэн хангах зорилгоор 2020-2024 онд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг баталж, амжилттай хэрэгжүүлсэн байна. 

Хөтөлбөрийн хүрээнд Архивын ерөнхий газраас “Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага MNS 6395:2022” стандартыг батлуулж, хэрэглээнд нэвтрүүлсэн бол Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Архивын ерөнхий газар хамтран төв, орон нутгийн байгууллагуудын албан хаагчдад дээрх стандарт болон монгол бичгийн сургалтыг жил бүр зохион байгуулж, давхардсан тоогоор 1100 гаруй албан хаагч хамрагджээ. 

Монгол хэлний тухай хуулиар монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, хамгаалах, хөгжүүлэх, үндэсний бичгийн хэрэглээнд албан ёсоор шилжих дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөр, дүрэм журам, үндсэн чиглэл боловсруулан хэрэгжүүлж байхыг Засгийн газарт үүрэг болгон хуульчилсан болно.

Таны сурталчилгаа