Цаг үеийн мэдээ

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржоос цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсноос хойш үндсэн цалин болон нэмэгдэл цалингийн 12 сартай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно хэмээн УИХ-ын тухай хуульд заасан байдаг нь олон нийтийн шүүмжлэл дагуулаад буй. Энэ хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ, өмнө нь хэрхэн хэрэгждэг байсан бэ?

-УИХ-ын гишүүн гэж хүн хэн бэ? Гишүүн гэдэг бол УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэг талдаа иргэд маань сонгох эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүний сонгож байгаа юм. Дөрвөн жилийн хугацаатай та биднийг төлөөлөөд хууль тогтоох процесст оролцоод энэхүү ажил үүргийг хий гэдэг үүднээс сонгож буй. Нөгөө талаасаа сонгогддог албан тушаал. Бүх асуудлууд хуулиар зохицуулагддаг. Чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Их хурлын тухай хуулиар зохицуулдаг. 1992 оноос хойш анхны УИХ үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Анхны УИХ үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнтэй холбоотойгоор 1992 онд Монгол Улсын Их хурлын тухай хуулийг баталсан. Энэ хуульд гишүүний эрх зүйн байдал, гишүүний нийгмийн баталгаатай холбоотой заалт байсан. Хэрвээ УИХ-ын гишүүн дахин сонгогдоогүй, эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн бол өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн тавина. Ийм боломж байхгүй бол өмнөх ажилтай нь дүйцэхүйц албан тушаалд тавина гэдэг заалт 1997 он хүртэл үйлчилж байсан. 1997 онд хоёр дахь УИХ-ын тухай хууль батлагдсан. Энэ хууль дээр өмнөх заалт арай өөрөөр заагдсан. Тодруулбал, дахин сонгогдоогүй бол өмнөх ажиллаж байсан албан тушаалд томилно. Боломжгүй бол 6 хүртэлх сарын нэг удаагийн тэтгэмжийг олгоно гэж батлагдсан. 2006 он хүртэл хэрэгжсэн. 2006 оноос дахин шинэчлэгдсэн. Ингэх дээ тухайн гишүүн эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн, дахин сонгогдоогүй бол нэг удаагийн 12 сар хүртэлх тэтгэмжийг олгоно гэдэг заалт байв. Энэ хууль 2020 он хүртэл хэрэгжсэн. 2020 оноос энэ заалт мөн адил хэрэгжсэн. Өмнөх ажиллаж байсан албан тушаалд тавина гэдэг заалт мөн адил байсан.

Өмнөх парламентын 2024 оны тавдугаар сард батлагдсан Их хурлын хуулиар одоо зохицуулж байгаа. 41.9 дэх хэсэг дээр өмнө нь эрхэлж байсан албан тушаалыг хассан байна лээ. Зөвхөн 12 сар хүртэлх нэг удаагийн тэтгэмжийг өгнө гэдэг заалт үлдсэн. Энэ заалт гэнэт гарч ирсэн заалт биш.

Германы Бундестаг 18 сар болон түүнээс дээш сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг гишүүдийн нийгмийн баталгаа болгож олгодог зохицуулалт бий. Канад, Австрали, Их Британид мөн өөр тэтгэмжийн зохицуулалтууд байдаг.  

УИХ-ын гишүүд эрхээсээ илүү маш олон үүрэг хүлээж байгаа. Тэр гишүүн хувь хүн гэхээсээ илүү ард түмний төлөөллийн ажил хийдэг. Хувь хүн гэдэг талаас биш төлөөлөл гэдэг талаас нь хараарай. Өмнөх парламентаас 30 орчим гишүүн энэ тэтгэмжийг авсан. Хүсэлтээ өгч, энэ мөнгийг аваагүй гишүүд мөн бий. 

Таны сурталчилгаа