Цаг үеийн мэдээ

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хэвтээ шахалтын классик төрлийн долоо дахь, equipped төрлийн 15 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны А зааланд нэгдүгээр сарын 7-9-ний өдрүүдэд болж байна. Тэмцээнд 23 багийн нийт 240 тамирчин өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангилалд 46 жинд 138 медалийн төлөө өрсөлдөж буй бөгөөд  энэ тэмцээнд ДАШТ-ий 32 алт, 11 мөнгө, 16 хүрэл медальтан оролцож байгаа нь өрсөлдөөнийг онц сонирхолтой болгож байна. 

Хэвтээ шахалтын УАШТ-д оролцогчдоос хамгийн өндөр амжилтыг паралимпын алт, мөнгө, хүрэл медальт,  ДАШТ-ий гурван алт, дөрвөн мөнгөн медальт, дэлхийн цомын зургаан удаагийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ үзүүлсэн бөгөөд тэрбээр УАШТ-ээс 15 алт, дөрвөн хүрэл медаль хүртжээ.

2025 оны анхдугаар улсын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан тамирчид Норвеги улсад тавдугаар сарын 17-24-нд болох хэвтээ шахалтын ДАШТ-нд оролцох эрхээ авах юм. Энэ удаагийн тэмцээний эхний дээд амжилтыг өсвөр үеийнхний 66 кг-ын жинд “Скай говь” клубийн тамирчин Б.Эрхэс шинэчилсэн ба тэрбээр цээжнээс 122.5 кг-ыг шахсанаар Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов. Б.Эрхэс нь хэвтээ шахалтын УАШТ-д анх удаа оролцож байгаа бөгөөд өнгөрсөн оны Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн тамирчин юм.

Таны сурталчилгаа