Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлаар УИХ-ын гишүүн Б.Найдалаа, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн: Бид чөлөөт зах зээлийн нийгэмд амьдарч байгаа. Зах зээлийн хамгийн чухал зүйл нь өрсөлдөөн. Тэр тусмаа шударга өрсөлдөөн байдаг. Гэтэл өнөөдөр монголд хуулийн цоорхойг ашиглаад нэг хэсэг нь татваргүй бараа бүтээгдэхүүн оруулж ирээд татвар төлж байгаа хэсэгтэйгээ өрсөлдөнө гэдэг нь өрсөлдөөнийг хязгаарласан хуулийн цоорхой юм. Үүнийг бид бүхэн зайлшгүй арилгах ёстой. Энэ нь бизнесийн зарчимд сөргөөр нөлөөлж байна. Шударгаар татвараа төлөөд явж байгаа тэр олон аж ахуйн нэгжүүдийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Цаашлаад Монгол Улсын төсвийн орлого, тослох бүтээгдэхүүнээс орж ирэх төсвийн орлого тасарч байна. Энэ хууль батлагдсанаар бид бүхэн тослох бүтээгдэхүүнээс орж ирэх төсвийн орлогоо олж авна. Дээрээс нь хэрэглэгчид хохироод байгаа асуудлыг байхгүй болгоно. Маш олон иргэн хуурамч шатахуун дизель түлш хэрэглэж техникээрээ эдийн засгаараа маш их хохирол амсаж байгаа. Цаашлаад эрүүл мэндээрээ хохирч байгааг Б.Пүрэвдорж гишүүн хэллээ. Энэ хууль нь дөрвөн заалт бүхий хууль. Үндсэндээ газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүнд татвар тогтоох асуудлыг л заалт болгон оруулж байгаа. Энэ хууль бусад ямар нэгэн хуультай харшлах зүйл байхгүй. Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөө авчрах хууль юм.