Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлаар УИХ-ын гишүүн Б.Найдалаа, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Найдалаа: Б.Пүрэвдорж гишүүний гаргаж тавьсан энэ асуудал маш том зөрчил, маш том хулгай, маш том хохирлын эх үүсвэрийг эцэслэж байгаа. Нэг хэсэг нь 100 хувь оригинал шатахууныг Онцгой албан татвараа төлөөд оруулж ирнэ. Нөгөө талаар тэрхүү дайвар бүтээгдэхүүнийг холиод зарах эрх зүйн орчин нь бүрдчихээд байгаа. Хэрвээ Онцгой албан татварын хуульд өөрчлөлт орохгүй бол хуурамч шатахуун үйлдвэрлэх, борлуулах ажил зогсохгүй. Олон жил энэ асуудал үргэлжилсэн. Маш олон сөрөг зүйл гарсан. Аж ахуйн нэгж байгууллагууд маш олон тооны техник, тоног төхөөрөмжөөрөө хохирсон. Эвдрэл гарсан. Агаарын бохирдлын эх үүсвэрийн нэг нь автомашин болон тээврийн хэрэгслээс гарч буй бохирдол байдаг. Тэр тусмаа дизель түлш буюу хуурамч шатахуун шахаж, Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл агаарын бохирдолд нөлөөлж байгаа гэж хэлж болно. Энэ хууль олон эерэг үр дүн авчрах хуулийн төсөл гэж харж байгаа. Тэгэхээр ард иргэд үүнийг зөв талаас нь ойлгож хүлээж аваасай гэж хүсэж байна.