Цаг үеийн мэдээ

Бадминтоны 2025 оны УАШТ-ий медалийн төлөөх тоглолтууд Хан Хиллс спорт зааланд үргэлжлэн явагдаж байна. 

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Дорнод аймаг, Хилийн цэргийн 0132-р ангийн тамирчин Д.Баярчимэг анх удаа түрүүллээ. Тэрбээр финалд өнгөрсөн жилийн аварга Г.Мягмарцэрэнг 2:0-ээр (21:19, 21:15) буулгаж авсан юм.

Д.Баярчимэг өнгөрсөн жил хүрэл медаль авсан амжилтаа ийн ахиулав.

Сонирхуулахад, Дорнод аймгийн бадминтончдоос өмнө нь Б.Наранцэцэг эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хоёр удаа улсын аварга болж байжээ. 

“Shuttle” клубийн Г.Мягмарцэрэнгийн хувьд УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтай болж байна.

Хүрэл медалийг Орхон аймгийн тамирчин Ч.Хулангоо хүртлээ. Тэрбээр медалийн төлөөх тоглолтод нэг нутгийн Г.Энхжинг 14:21, 21:18, 21:17-гоор хожсон юм.

Ч.Хулангоогийн хувьд ганцаарчилсан төрлөөр УАШТ-ий анхны медалиа хүртжээ. Өмнө нь холимог хосоор 2022 онд хүрэл, 2023 онд мөнгө, эмэгтэй хосын төрлөөр 2024 онд алтан медаль хүртэж байв.

Эмэгтэй ганцаарчилсан төрлийн дүн: 

1.Д.Баярчимэг (Дорнод)

2.Г.Мягмарцэрэн (Shuttle)

3.Ч.Хулангоо (Орхон)

Таны сурталчилгаа