Цаг үеийн мэдээ

МҮХАҮТ-ын Удирдах зөвлөл энэ сарын 10-ны өдөр хуралдаж, гүйцэтгэх захирлыг 72 хувийн саналаар сонгосон юм.

А.Амартөгс Өмнөговь аймгийн хоёрдугаар дунд сургуулийг төгссөн. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг англи хэлний орчуулагч мэргэжлээр дүүргэжээ. Улмаар Удирдлагын академийг хүний нөөцийн менежерээр, 2017-2020 онд АНУ-д Pheonix Их сургуулийн бизнесийн магистр хамгаалсан байна.

Тэрбээр ажлын гараагаа Мобиком компаниас эхэлсэн. 2008-2012 онд тус компанийн хүний нөөц, сургалтын мэргэжилтнээр ажилласан. Компанийн  сургалтын нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, сургалт зохион байгуулах,  хэрэгжилт, үр дүнг хянах, тайлагнах ажлыг хариуцаж байжээ. 

Мобикомын хувьд Японы тэргүүн туршлагыг нэвтрүүлж, системтэй, зөв зохион  байгуулалттайгаар ажилладаг манай томоохон компаниудыг нэг. Түүний хувьд  энэхүү туршлагад суралцсан нь цаашдын ажил төрөл, амжилтад томоохон нөлөө  үзүүлжээ.

2012-2015 онд Скайтел компанийн Хэрэглэгчийн үйлчилгээний газрын захирлаар ажиллав. Хөдөлмөрийн харилцааг удирдах, дотоод дүрэм журам боловсруулах, хяналт тавих, цалин, сургалт, хөгжүүлэлтийн бодлого боловсруулах ажлыг хариуцаж байв. 

“Алтан Жолоо Импекс” компанийн Маркетинг борлуулалтын албаны захирал болж, компанийн маркетинг борлуулалтын бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх, гадаад хамтын ажиллагаа, брэнд бүтээгдэхүүний маркетинг, зах зээлийн судалгааг хийх, зохион байгуулах ажил руу оров. Өөрөөр хэлбэл, хүний нөөц, хөгжлийн төлөвлөлтөөс маркетинг, борлуулалт, бизнесийн зах зээлийн судалгааны ажил руу шилжжээ. 

2021 оноос “Keller Williams Mongolia”  компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж эхлэв. Компанийн стратеги, борлуулалтын төлөвлөгөө боловсруулах, сонгон шалгаруулалт хийх, сургаж хөгжүүлэх, санхүүгийн тайлан тооцоолол гаргах зэрэг захирлын түвшний ажил хийж, компанийг удирдан чиглүүлэхэд анхаарч ажилласан жилүүд 2023 оныг хүртэл үргэлжилжээ.

Улмаар 2023 оноос Creative consulting institute-ийг үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа аж. Хувь хүний хөгжлийн коуч, ментор хийх, боловсролын контент бүтээх, боловсрол, бизнес менежментийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд тус инстутийн гол зорилго чиглэнэ.

А.Амартөгс  Их сургуулиа төгсөөд хувийн хэвшлийн томоохон компаниуд, мөн өөрийн үүсгэн байгуулсан компаниудад ажилласан бөгөөд байгууллагуудын хүний нөөц, сургалт хөгжлийн чиглэлээр ажилласан мэдлэг туршлага дээрээ үндэслэн Creative consulting institute-ийг үүсгэн байгуулжээ.   

Тэрбээр Монголын маркетингийн холбоо болон JCI Монгол зэрэг олон байгууллагад сонгуульт ажлууд хашиж байжээ.

Таны сурталчилгаа