ӨМӨЗО-ны Хөх хотод 2025 оны нэгдүгээр сарын 06-14-ний өдрүүдэд Цагаан сарын баярыг угтсан "МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ 2025" үзэсгэлэн зохион байгуулагдав.
Үзэсгэлэнг "Тянюань дэлхийн худалдааны төв"-ийн байнгын ажиллагаатай МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ дэлгүүрт зохион байгууллаа. Үзэсгэлэн арга хэмжээнд жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, сурталчлан таниулах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор: “Бөртэ” ХХК, “Батэм” ХХК, “Аune” ХХК, “Ретоурет” ХХК, “ЗуЗу” ХХК, “Орчлон” ХХК, “Гоо даль” ХХК, “Туяа костюмс”, “Хайрхан буурал” хоршоо, ”Туургатан Монгол” ХХК зэрэг үндэсний үйлдвэрлэгч 20 гаруй аж ахуйн нэгжүүд үндэсний дээл хувцас, ноос ноолуур, оёмол бүтээгдэхүүн, эсгий эдлэл, арьс ширэн эдлэл, хүнс, гоо сайхан, гар урлал, уран дархны хийцлэлтэй мөнгөн эдлэл зэрэг 100 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж оролцлоо.
Үзэсгэлэн худалдааны нээлтэд Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суух Ерөнхий Консул Ш.Оргил болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцлоо.
Ерөнхий зохион байгуулагчаар Монголын талаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, хамтран зохион байгуулагчаар Хятад – Монгол – Орос цахим худалдааны “ЗАМЧ” компани ажиллав.
Бизнес эрхлэгчдээ гадаад зах зээлтэй холбох, хөрөнгө оруулалт татах зорилгоор “МОНГОЛ-ХЯТАД-ОРОС ЦАХИМ ХУДАЛДААНЫ 5-Р ФОРУМ” зохион байгуулаа.
Тус арга хэмжээний үеэр Жижиг, дунд үйлдвэрийн газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Цэнд ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих үндэсний хорооны дэд ерөнхийлөгч Ли Шян Шэн нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.