2025 оны 02-р сарын 14-нөөс 02-р сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 14-нд нутгийн зарим газраар, 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -14...-19 градус, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -10...-15 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -9...-14 градус, өдөртөө +3…-2 градус, бусад нутгаар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна.