Аливаа улс орны нийгмийн тогтвортой байдлыг дундаж давхарга нь бүрдүүлдэг. Тухайн улс орны хүн амд дундаж давхарга хэдий чинээ өргөн орон зай эзэлж байна, нийгэм нь төдий чинээ тогтвортой байдаг. Хүн амын цөөн хэсэг нь хэт хөлжиж, ядуурал газар авбал нийгмийн хямрал руу гулсана. Тиймээс улс орнууд хөгжлийн бодлогоо дундаж давхаргаа “зузаалахад” чиглүүлдэг билээ.
Хүн амын орон сууцны тооллогоор 2022 онд Монгол Улсын 950 орчим мянган өрхийн 300 гаруй мянга нь инженерийн дэд бүтцэд холбогдсон орон сууцанд амьдарч байв. Орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй санхүүжилтийг орон даяар өргөн хүрээнд хэрэгжүүлсээр ойрын таван жилд 500 орчим мянган хүн орон сууцанд амьдарна гэсэн өөдрөг төсөөлөл бий. Орон сууцтай, автомашинтай, тогтвортой ажлын байртай, орлоготой өрхийг Монгол улсын дундаж давхаргын айл гэж үзье. Тэгэхээр ирэх таван жилд дундаж давхарга хэрхэн “зузаарах” нь танд баримжаалагдана.
Тэгвэл улс орны эдийн засгийн тогтвортой байдлыг үндэсний үйлдвэрлэл нь хангадаг. “Made in mongolia” гэсэн бичигтэй бүтээгдэхүүн олон болох тусам улс орны эдийн засгийн тогтвортой байдал хангагдаж байна гэж баярлах хэрэгтэй. Үндэсний үйлдвэрлэл хөгжөөд, дотоодын зах зээлээ хангаад, цаашлаад экспортод гардаг бол бүр сайн. Манай улс зөвхөн уул уурхайн түүхий эдээр биш, эцсийн бүтээгдэхүүнээ худалдаж, дэлхийн зах зээлээс валют оруулж ирдэг болно. Монголоос дэлхийн зах зээлд гаргадаг эцсийн бүтээгдэхүүн хуруу дарам цөөн. Бараг л “Говь”-ийн ноолууран бүтээгдэхүүнээс цааш нэрлэх юм олдохгүй.
Тиймээс Монголын үндэсний үйлдвэрлэлийн хөгжил дотоодын зах зээлээ хангах шатандаа явж байна гэж дүгнэж болно. Наад зах нь бидэнд нарийн ногоо, өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах шаардлага бий. Үндэсний үйлдвэрүүд, ялангуяа хөнгөн үйлдвэрийн салбар олон зуун мянган ажлын байр бий болгодог онцлогтой. Уул уурхайн салбар улс орны эдийн засагт өндөр өгөөж өгдөг ч ажлын байр олноор бий болгодоггүй.
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр нийт ажиллагчдын 47 хувь нь буюу 640 мянган хүн хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт ажиллаж байна. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэгчид ажиллах хүчнийхээ бараг талыг ажлын байраар хангадаг гэсэн үг. Үндэсний үйлдвэрлэл хөгжиж, үйлдвэрлэгчид олон болох тусам ажлын байр нэмэгдэнэ. Тогтвортой ажлын байртай, тогтмол орлоготой хүний тоо өснө. Тогтвортой ажлын байр, тогтмол орлоготой иргэн бол улс орны эдийн засгийн хөгжил, өсөлтийн суурь билээ. Иймээс үндэсний үйлдвэрлэл “үнэтэй”. Дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ-ын ажилгүйдлийн индекс өсөх, буурахаас хамаарч, олон улсын санхүүгийн зах зээлийн хандлага дагаж сайжирч, эсвэл мууддагийг энд дурдъя. Бас ажлын байртай, тогтвортой орлоготой иргэдийн тоо өсөх тусам дундаж давхарга “зузаарна”. Үндэсний үйлдвэрлэл, дундаж давхарга хоёр ийм шууд хамааралтай юм.
Өнөөгийн хүчирхэг АНУ-ыг Ротшильд, Рокфеллер, Форд, Карнеги, Вандерилт, Ж.П.Морган бүтээсэн гэдэг. Азийн бар болсон Японыг Тоёота, Хонда, Субару, Канон, Сони, Тошиба, Панасоник бүтээсэн. Өмнөд Солонгосыг Хьюндай, Киа моторс, Самсунг, LG хүчирхэг болгосон. Тэдэнтэй зүйрлэх боломжгүй ч МCS-ийн Ж.Оджаргал, МАК-ийн Н.Нямтайшир, “Таван богд”-ын Ц.Баатарсайхан, “Шунхлай”-н П.Батсайхан, “Гацуурт”-ын Л.Чинбат, “Номин”-гийн Ш.Баярсайхан, “Женко” Х.Баттулгын хувьцаат компаниуд, “Макс”-ын Д.Ганбаатар, “Тэсо”-гийн ах, дүү нар үндэсний үйлдвэрлэлийн хөгжилд үлэмж хувь нэмэр оруулсан гэдэгтэй маргах хүн гарахгүй биз.
Төр үндэсний үйлдвэрлэлийг хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломж дэмжих, зах зээлийг нь импортын татварын бодлогоор хамгаалж хөгжүүлдэг. Төр засаг үндэсний үйлдвэрлэл бодлогоор дэмжсэн сайн жишээг ч дурдаж болно. Дэмжихгүйгээр, үл барам гацаа тээг болж хямраасан жишээг ч нэрлэж болно. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөтөлбөр сайн жишээ юм. Энэ хөтөлбөрт хамрагдаж хөнгөлөлттэй зээл авсан аж ахуйн нэгжүүд эх орондоо үйлдвэрлэсэн чанартай хүнсээр иргэдээ 100 хувь хангах зорилт тавин ажиллаж байна.
Хөгжлийн банкнаас зээл олгож, цементийн хоёр үйлдвэр бариулсан нь сайн жишээ. Цемент бол бүтээн байгуулалтын талх. Эрчим хүчний шинэ станц барих төслүүдийг төр бодлогоор дэмжээгүй цаг алдсан нь алдаа болсон. Одоо улсаараа эрчим хүчний хямралд ороход ойрхон болов. Оновчтой бодлого байхгүйгээс малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүд дорвитой хөгжиж чадахгүй, нэхий шир хог болсоор л байна.
Саяхан ОХУ-тай Засгийн газар гурван жилийн хугацаатай чөлөөт худалдааны хэлэлцээр хийх гэж үндэсний үйлдвэрлэгчдийг сандаргав. Манайд хойд, урд хоёр хөрш бол томоохон үйлдвэрлэгч улс. Манай жижиг зах зээлийг төвөггүй эзлээд, үндэсний үйлдвэрүүдийг шахаад гаргачихна. Тиймээс үндэсний үйлдвэрлэгчид тэмцэл хийж, хэлэлцээрийг зогсоосон. Манайх хүн ам цөөн, жижиг зах зээлтэй улс зах зээлээ хамгаалахаас өөр аргагүй. Гадаадынхан найр тавибал үндэсний үйлдвэрлэл сөнөнө.
Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дархлаатай болгох гол субьект нь хэрэглэгч. Монголчууд импортын бүтээгдэхүүнээс илүү ижил төрлийн үндэсний үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүнээ сонгож хэвшвэл хөгжил нь улам хурдсах нь дамжиггүй. Дахин улиглахад үндэсний үйлдвэртээ орлого оруулбал ажлын байр нэмэгдэнэ. Дундаж давхарга зузаарна. Удахгүй Цагаан сар болох гэж байна. Сар шинийн баяраараа “Мах импекс”-ийн хиам, “Гацуурт”-ын төмсөөрөө хүнсээ бэлтгэж, АПУ-гийн сархад, ундаагаар ширээгээ засчхаад сууж байж яагаад болохгүй гэж. Бэлэг сэлт бэлтгэхдээ “Алтан говь” шоколад, “Янмал” оймсоор “орц”-ыг бүрдүүлж болно.
Т.Энхбат
Иргэн
2025-02-13
Янмал оймс төрөл зүйл өнгө чанар маш сайжирсан байналээ ҮНЭХЭЭР МАГТМААР. Харин ҮНДЭСНИЙ НАРИЙН БООВНЫ ҮЙЛДВЭРҮҮД 1 ЮМ АНХААРАХ ХЭРЭГТЭЙГ ОНЦЛОН ХҮРГЬЕ!!!! ҮНДЭСНИЙ НАРИЙН БООВ ҮЙЛДВЭРЛЭДЭГ ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРҮҮД ОРЦОНД НЬ ХЯМДЫГ НЬ БОДОЖ ДАНДАА ТРАНС ТОС ХИЙДЭГ УЧРААС ХУДАЛДАН АВЧ ЧАДДАГГҮЙ. БАС ДАЛДУУ МОДНЫ ТОС Ч ГЭХ ШИГ. ЭНЭ ТОСНЫХОО ГАРАЛ ҮҮСЛИЙН ТАЛААР ҮНЭН ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ХЭРЭГЛЭГЧИДДЭЭ ХҮРГЭЭРЭЙ.МОНГОЛ МАСЛОГ ИХЭЭР ҮЙЛДВЭРЛЭЖ НАРИЙН БООВ ҮЙЛДВЭРЛЭЛД МАСЛО ХИЙЖ ХЭВШИХ ТҮҮНДЭЭ ТОХИРУУЛЖ ҮНЭЭ НЭМНЭ БИЗ. ХЭРЭГЛЭГЧДЭЭ БАСАЖ БОЛОХГҮЙГ АНХААРУУЛЬЯ