Цаг үеийн мэдээ

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар Олон улсын цөмийн энергийн агентлагийн ерөнхий захирал Уильям Д. Магвүүдийг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар Монгол Улсын эрчим хүчний шилжилт болон тогтвортой эрчим хүчний шийдлүүдэд оруулж буй хувь нэмрийн талаар ярилцсан байна.

С.Жавхланбаатар уулзалтын үеэр "Уул уурхай Монгол Улсын эдийн засгийн тулгуур хэвээр байгаа бөгөөд ДНБ-ий гуравны нэгээс илүү, экспортын 90 хувийг бүрдүүлдэг. Гэсэн ч эрчим хүчний хэрэглээний 20 хувийг импортоор хангаж байна. Монгол Улс 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 30 хувиас дээш хүргэж, нүүрсний хэрэглээг бууруулах зорилт тавьсан. Засгийн газар байгалийн хийд шилжих, дулааны цахилгаан станцуудыг шинэчлэх, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын тулд цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжихэд анхаарч байгаа. Монгол Улс, Францын компанитай хамтран ураны төслийг эхлүүлсэн нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх чухал алхам болсон гэжээ.

Уильям Д. Магвүүд цөмийн эрчим хүчний салбарт тулгамдаж буй өндөр өртөг, нийлүүлэлтийн сүлжээний хязгаарлагдмал байдал, хүний нөөцийн дутагдал зэрэг гол асуудлуудыг шийдвэрлэхэд Цөмийн Эрчим Хүчний Агентлагийн хэрэгжүүлж буй ажлуудыг танилцууллаа. Монгол Улсыг олон улсын цөмийн санаачилгуудад оролцох, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх хөтөлбөрүүдэд хамрагдахыг уриалжээ.

Таны сурталчилгаа