Гаутам Будда нэгэн тосгонд иржээ. Түүнийг сонсох гэж тосгоны улс бүгд цуглав. Харин тэрээр зам руу хараачлан хүлээсээр. Учир нь, арван гурав орчим насны жаахан охин түүнтэй замд тааралдаж, “Намайг хүлээгээрэй. Би фермд байгаа аавдаа хоол хүнс аваачиж өгөх ёстой. Гэхдээ цагтаа амжиж ирнэ. Хүлээж байхаа мартуузай” гэж захисан юмсанж.
Эцэст нь тосгоны ахмадууд “Та хэнийг хүлээгээв? Гол чухал хүмүүс бүгд цугласан байна. Та номын айлдвараа эхэлж болно” гэлцгээв.
“Алс холоос миний тухайлан зорьж ирсэн хүн хараахан ирээгүй байна. Би хүлээх ёстой” гэж Будда хэлжээ. Эцэст нь охин хүрч ирэв. “Би жаахан оройтчихлоо. Гэхдээ та амласнаа биелүүллээ. Таныг хэлсэндээ хүрнэ гэдгийг би мэдэж байсан юм. Урьд нь ч та амласнаа биелүүлдэг байсан. Ухаан орсон цагаасаа би таныг хүлээж байлаа. Таны алдрыг сонсох үедээ дөрвөн настай л байсан байх. Нэрийг тань сонсонгуут миний зүрхэнд хонх жингэнэж эхэлсэн. Тэр цагаас хойш арваад жил өнгөрчээ. Гэхдээ би таныг хүлээсээр л байсан” гэж охиныг хэлэхэд Будда “Чи дэмий хүлээгээгүй юм байна. Энэ тосгон руу намайг дуудсан хүн бол чи шүү дээ” гэжээ.
Буддаг номыг айлдвараа тавьсан хойно өнөөх охин “Надад авшиг хүртээж хайрла. Би хангалттай удаан хүлээсэн. Одоо танай хамт баймаар байна" гэв. Будда "Тэгвэл чи надтай хамт явах ёстой. Танай тосгон хол буйд. Би ахин дахин ирээд байж чадахгүй. Аян зам урт, миний бие ч бас хөгширч байна” гэжээ.
Бүхэл тосгоноос ганцхан хүн бясалгалын авшиг хүртэхээр зориглосон нь тэр жаахан охин байж. Шөнө унтахын өмнө Буддагийн шадар шавь Ананд “Унтахын өмнө танаас нэг зүйл асууя. Таныг соронзон мэтээр татаж байгаа газар орныг та мэдэрдэг үү?” гэхэд Будда “Тийм ээ. Тэр л миний аяллыг шийддэг юм. Хэн нэгэн надаар цангаж байгааг мэдэрсэн тэр зүгт л би явдаг. Хэн ч надаар цангаагүй бол би тийшээ зүглэхгүй” гэж хэлжээ.
Багш шавийнхаа зүг явдаг.
Шавь багшийнхаа зүг явдаг.
Эрт, орой нэгэн цагт тэд учрах л болно.
Учрал нь биеийн биш, сэтгэхүйн биш, чанад сүнсний учрал байх болно. Хоёр лааг ойртуулахад дөл нь нэг болох шиг. Хоёр биеийн дунд нэгдмэл сүнс амьсгална. Үүнийг харилцаа холбоо гэж хэлэхэд бэрх. Үг хэл даанч ядуу болохоор өөр үг олдохгүй юм. Энэ бол угтаа харилцаа холбоо ч биш, нэгэн бүхэл оршихуй билээ.
Ошо: Агнистын гэгээ
Орчуулсан П. Бадрал