Dark Light
Эдийн засаг | 2026-11-25

AI САЛБАРЫН ЭРГЭЛЗЭЭНЭЭС ҮҮДЭН АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ОГЦОМ УНАЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Технологийн салбарын хувьцаанууд зарагдсанаар Япон, Өмнөд Солонгос, Тайванийн зах зээлүүд огцом унав.

Хиймэл оюун ухааны (AI) өсөлт, тэсрэлтийн талаарх эргэлзээ үргэлжилсээр байгаа тул Азийн хөрөнгийн зах зээлүүд огцом унаж, Женсен Хуан "Nvidia" компанийн Гүйцэтгэх захирлаар эргэн томилогдсоны дараа бий болоод байсан өсөлтийг эргүүлэн буурууллаа. 

Энэхүү хувьцаа зарах давалгааг Тайванийн хөрөнгийн зах зээл тэргүүлсэн бөгөөд өглөөний арилжаагаар жишиг "Taiex" индекс 7.9 хувь хүртэл унасан байна. Өмнөд Солонгосын "Kospi" индекс 6 гаруй хувиар унасан бол Японы "Nikkei 225" индекс 3.6 хувиар буурчээ. Харин Хонконгийн "Hang Seng" индекс ерөнхий чиг хандлагын эсрэг явж, 1.3 хувь хүртэл өссөн байна. 

Хиймэл оюун ухааны худалдаатай холбоотой технологийн хувьцаанууд хамгийн их алдагдал хүлээв. Японд хагас дамжуулагч үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн тэргүүлэгч үйлдвэрлэгч "Tokyo Electron" компанийн хувьцаа 13.5 хувиар, чип шалгах тоног төхөөрөмж үйлдвэрлэгч "Advantest"-ийн хувьцаа 14.5 хувиар унажээ. 

Дэлхийн санах ойн чип үйлдвэрлэгч тэргүүлэгч хоёр компани болох Өмнөд Солонгосын "Samsung Electronics" болон "SK Hynix"-ийн хувьцаа тус бүр 9.1 хувь болон 9.9 хувиар унасан байна. Дэлхийн хамгийн том гэрээт чип үйлдвэрлэгч Тайванийн хагас дамжуулагч үйлдвэрлэлийн компани (TSMC) болон Тайванийн "Apple"-ийн ханган нийлүүлэгч "Foxconn"-ы хувьцаа хоёулаа 9 гаруй хувиар унав. 

ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ САЛБАРТ ТУЛГАРЧ БУЙ СӨРӨГ ҮЗЭГДЭЛ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын оролцооны дараа чип үйлдвэрлэлийн аварга "Nvidia" компанийн удирдлагад Ж.Хуан гэнэт эргэн ирснээр Мягмар гарагт Азийн зах зээлүүд огцом өсөөд байсны дараа ийнхүү ухралт хийж байгаа нь энэ юм. 

Хятадын тагнуулын байгууллагатай хамтран ажилладаг гэх сэжиг бүхий эмэгтэйтэй амрагийн холбоотой байсан гэх дуулианы улмаас огцроод байсан Ж.Хуаныг "Nvidia" эргүүлэн томилсон нь тус компанийн Нью-Йоркийн бирж дээрх хувьцааг 31.5 хувиар өсгөсөн нь АНУ-ын хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх нэг өдрийн хамгийн том өсөлт болсон билээ. 

Өмнөх арилжааны худалдан авалтын давалгааны дараа Мягмар гарагт Уолл Стрит бага зэргийн алдагдал хүлээж, S&P 500 индекс 0.5 хувиар, Nasdaq индекс 1.5 хувиар буурсан байна. 

"Nvidia"-гийн дуулиан болон АНУ-ын завсрын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан Вашингтон дахь Ардчилсан намынхан хиймэл оюун ухааны зохицуулалтыг чангатгахыг эрмэлзэнэ гэх хүлээлтийн дунд өнгөрсөн сард зах зээлүүд хүчтэй савласан юм. Эдгээр сөрөг хүчин зүйлс нь технологийн компаниуд хиймэл оюун ухааны өсөлтийг тэтгэж буй олон их наяд ам.долларын хөрөнгө оруулалтаа тогтвортой үргэлжлүүлж чадахгүй байж магадгүй гэх болгоомжлолыг улам нэмэгдүүлжээ. 

Технологийн аваргуудын өрөөр санхүүжиж буй асар их зарцуулалт нь ирээдүйн алтны уурхайд хөрөнгө оруулж байна уу, эсвэл хөрөнгийн зах зээлийн асар том хөөс үүсгэж байна уу гэх ширүүн маргааныг дэгдээгээд байна. Технологийн судалгааны "Gartner" компанийн таамаглалаар дэлхий даяар хиймэл оюун ухаантай холбоотой хөрөнгө оруулалт энэ онд 2.7 их наяд ам.долларт, 2027 онд 3.6 их наяд ам.долларт хүрэх төлөвтэй байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08