Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй судалгааны байгууллага болох “Gallup Korea” жил бүрийн арванхоёрдугаар сард олон нийтийн санал асуулгаар тухайн оны шилдэг жүжигчдийг тодруулдаг уламжлалтай. 2026 оны эцсийн дүн гарахад хэдхэн долоо хоног үлдээд буй энэ үед кино сонирхогчдын дунд энэ оны шилдгээр хэн тодрох бол гэсэн хүлээлт хэдийнэ үүсээд байна.
Эргэн сануулахад, өнгөрсөн 2025 оны арванхоёрдугаар сард “Gallup Korea”-гаас зарласан хамгийн сүүлийн албан ёсны судалгаагаар олон ангит киноны буюу драмын төрөлд “When Life Gives You Tangerines” цувралын гол дүрийн жүжигчид үнэмлэхүй тэргүүлсэн юм. Тодруулбал, жүжигчин Пак Бо Гом 13.3 хувийн саналаар нэгдүгээр байрт, дуучин, жүжигчин IU 11.3 хувийн саналаар хоёрдугаар байрт шалгарч байв. Тэдний араас “Queen of Tears” киноны од Ким Жи Вон 4.4 хувь, “Bon Appétit, Your Majesty” бүтээлээрээ Им Юн А 3.9 хувь, “The Tale of Lady Ok” драмын жүжигчин Чү Ён Ү 3.3 хувийн саналаар эхний тавд багтсан бөгөөд И Жон Жэ, Нам Гүн Мин, Хан Жи Мин, Бён Ү Сок, Ким Тэ Ри нар шилдэг аравт нэрлэгдэж байжээ.
Харин уран сайхны киноны төрөлд өнгөрсөн онд жүжигчин И Бён Хон “No Other Choice” болон “Squid Game 2” бүтээлүүдээрээ 25.8 хувийн санал авч бусдыгаа илт давуу тэргүүлсэн билээ. Түүний удаад “The Roundup” цувралын од Ма Дун Сок 18.4 хувь, “Squid Game 2” киноны гол дүр И Жон Жэ 15.5 хувийн саналаар эхний гурван байрыг эзэлсэн бол “Veteran 2”, “Cross” кинонуудаараа Хван Жон Мин 7.1 хувь, “Harbin” түүхэн киноны гол дүр Хён Бин 6.4 хувийн саналаар дөрөв болон тавдугаар байрт бичигдэж байв.
Өнгөрсөн онд ийнхүү Пак Бо Гом, И Бён Хон нар Солонгосын дэлгэцийн урлагийн ноён оргилд нэрлэгдэж байсан бол шил шилээ дарсан шинэ уран бүтээлүүд үзэгчдийн хүртээл болсон энэ 2026 оны арванхоёрдугаар сард зарлагдах “Gallup Korea”-гийн судалгаагаар хэн хэн шалгарч, оны шилдгийн титмийг зүүхийг харах л үлдлээ.
ТАТАР МАЙДАР







Урлаг соёл



