Бүх цэргийн баяр наадмын шөвгийн найман бөхөөс допингийн шинжилгээ авч, сорьцыг Германы Дрезден хот дахь итгэмжлэгдсэн лабораторид хүргүүлжээ. Шинжилгээний хариу энэ сарын 22-26-ны хооронд гарах бөгөөд Бүх цэргийн наадамд өндөр амжилт үзүүлсэн бөхчүүдийн нэрс багтаж байна.
Монголын Допингийн эсрэг үндэсний байгууллага (МОНАДА)-ын мэдээлснээр энэ жил Хурц бадрангуй арслан Д.Алтанцоож, аймгийн арслан Б.Цагаанбанди, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар, аймгийн харцага Б.Ренчинжүгдэр, аймгийн арслан Г.Мөнхбаяр, П.Хүрэлбаатар, Ө.Батсуурь болон Цэргийн заан Б.Гончигсүрэн нарын найман бөхөөс сорьц авчээ.
Допингийн хяналт нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хэрэгжиж эхэлсэн зохицуулалтын хүрээнд явагдаж байна. Тус хуулийн 21.5-д аймгийн баяр наадам болон түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөхөөс допингийн шинжилгээ авахыг заасан бөгөөд Бүх цэргийн баяр наадам энэхүү ангилалд хамаардаг юм.
Өнгөрсөн жилээс эхлэн Бүх цэргийн баяр наадамд амжилттай барилдсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авч эхэлсэн бөгөөд энэ жил мөн журам үргэлжлэн хэрэгжиж байна.
Цэргийн цол, чимэг олгох 35 дахь удаагийн “Бүх цэргийн наадам-2026”-д 256 бөх хүч үзсэнээс Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж “Бадрангуй” чимэг хүртсэн бол Архангай аймгийн Хотонт сумын харьяат Б.Гончигсүрэн үзүүрлэн “Цэргийн заан” цол хүртсэн юм. Харин их шөвөгт үлдсэн Н.Амгаланбаатар “Хичээнгүй”, П.Хүрэлбаатар “Цогт” чимэг нэмсэн бол дунд шөвөгт шалгарсан Г.Мөнхбаяр “Өлзийт”, Ө.Батсуурь, Б.Цагаанбанди, Б.Ренчинжүгдэр нар “Өсөх” чимэг хүртсэн.
Б.АМАРТҮВШИН








Спорт








