Dark Light
Эдийн засаг | 2026-11-25

УЛАМЖЛАЛТ ХҮНД, ХАТУУ НАРНЫ ХАВТАНД “БАЯРТАЙ” ГЭЖ ХЭЛЭХ ЦАГ АЙСУЙ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Сүүлийн үед технологи болон эрчим хүчний ертөнцөд “Уламжлалт нарны хавтанд баяртай гэж хэлэх цаг боллоо” гэх мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Энэ нь зүгээр нэг цуурхал бус, харин Япон улс хүнд жинтэй, хатуу цахиур (силикон) хавтангуудыг орлох чадвартай шинэ үеийн уян хатан, хэт нимгэн Перовскит (Perovskite) нарны зайн технологийг үйлдвэрлэлд бодитоор нэвтрүүлж эхэлсний илрэл юм.

Уламжлалт нарны хавтан нь хүнд жинтэй, зөвхөн бат бөх даацтай дээвэр эсвэл тэгш талбайд суурилуулах боломжтой байдаг. Харин Японы инженерүүдийн хөгжүүлсэн Перовскит нарны хальс нь ердийн хавтангаас 15 дахин хөнгөн, 20 дахин нимгэн буюу ердөө нэг миллиметр орчим зузаантай тул яг л ханын цаас шиг хуйлж, тээвэрлэх боломжтой. Үүнийг хүнд ачаа даах чадваргүй хуучин барилгын дээвэр, тэнгэр баганадсан шилэн барилгын цонх, хана, гудамжны гэрэлтүүлэг, тэр ч байтугай автомашины бөмбөгөр дээвэр дээр наагаад л цахилгаан эрчим хүч гарган авах боломж бүрджээ.

АРИЛЖААНЫ БОРЛУУЛАЛТ ХЭДИЙНЭ ЭХЭЛЖЭЭ

Японы технологийн томоохон компаниуд энэхүү технологийг лабораторийн туршилтаас гаргаж, бодит зах зээлд нийлүүлэх ажлаа эрчимжүүлээд байна. Тухайлбал, “Panasonic Holdings” компани Осака дахь хөгжүүлэлтийн төвдөө үйлдвэрлэсэн шилэн суурьтай перовскит нарны хавтангийн арилжааны борлуулалтыг 2026 оны есдүгээр сараас албан ёсоор эхлүүллээ. Түүнчлэн тус компани Шига мужийн Нагахама дахь үйлдвэртээ бүрэн хэмжээний масс үйлдвэрлэл эхлүүлэх хугацаагаа нэг жилээр урагшлуулж, 2029 оны дөрөвдүгээр сард эхлүүлэхээр болсноо саяхан зарласан юм.

Үүнтэй зэрэгцэн “Sekisui Chemical” компани Японы Хөгжлийн банктай хамтран тусгай охин компани байгуулж, Осака дахь “Sharp” корпорацын хуучин үйлдвэрийн баазад 90 тэрбум иений хөрөнгө оруулалтаар 100 мегаваттын хүчин чадалтай үйлдвэрлэлийн шугам угсарч байна. Уг үйлдвэр 2027 онд ашиглалтад орж, 2030 он гэхэд хүчин чадлаа нэг гигаватт хүртэл өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа бол “Canon” компани эдгээр нимгэн хальсны эдэлгээний хугацааг 20–30 жил болгон уртасгадаг тусгай хамгаалалтын бүрхүүл бүтээгээд байна. Мөн “Kyosemi” компанийн бүтээсэн 360 градусын өнцгөөс буюу бүрхэг өдөр ч нарны гэрлийг шингээдэг бөмбөрцөг хэлбэртэй “Sphelar” бичил эсүүд болон Кюүшүгийн их сургуулийн эрдэмтдийн нээсэн дулааны алдагдлыг давхар ашиглаж 130 хувийн бүтээмж гаргадаг шинэ материалууд энэ салбарын хувьсгалыг улам хурдасгаж байна.

ЯПОНЫ СТРАТЕГИЙН ХОЁР ТОМ ХӨЗӨР

Японы Засгийн газар 2029 он хүртэл перовскит нарны зайн масс үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 100 тэрбум иен буюу ойролцоогоор 640 сая ам.долларын татаас олгохоор шийдвэрлэсэн бөгөөд 2040 он гэхэд энэхүү технологиор 20 цөмийн реакторын хүчин чадалтай тэнцэх буюу 20 гигаватт цэвэр эрчим хүч үйлдвэрлэх үндэсний зорилт тавиад байна.

Токио ийнхүү энэ технологид бүх хүчээ хаяж буйн цаана геополитик болон газарзүйн хоёр том шалтгаан бий. Нэгдүгээрт, уулархаг, хүн ам шигүү суурьшсан Япон оронд уламжлалт нарны цахилгаан станц барих сул газар бараг үлдээгүй тул хотын барилгуудын босоо хана, цонхыг ашиглах нь тэдний хувьд цорын ганц гарц юм. Хоёрдугаарт, өнөөдөр дэлхийн уламжлалт цахиурын нарны хавтангийн нийлүүлэлтийн сүлжээг Хятад улс бүрэн атгаж байгаа бол перовскит зай үйлдвэрлэх гол түүхий эд нь иод юм. Япон улс дэлхийн иодын нөөц, олборлолтоор Чилийн дараа хоёрдугаарт бичигддэг тул гаднын хараат бусаар, дотоодын түүхий эдээрээ дэлхийн эрчим хүчний зах зээлд дахин тэргүүлэх бүрэн боломжтой болж байна.

Хэдийгээр уламжлалт нарны хавтангууд өнөө маргаашгүй хэрэглээнээс бүрэн шахагдахгүй ч ойрын таван жилд барилгын шил, хана бүр цахилгаан үйлдвэрлэдэг шинэ эрин үе эхэлж байгааг Японы энэхүү алхам тод харууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08