2026 оны хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатны тоглолтууд үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожсон бол Португал Ардчилсан Конго Улстай 1:1-ээр тэнцлээ.
Англи, Хорватын тоглолтын эхэнд Лука Модричийн гаргасан алдааны дараа англичууд торгуулийн цохилт хийх эрхтэй болсон юм. Харри Кейн эхний оролдлогоо алдсан ч Хорватын хаалгач шугамаас хугацаанаасаа өмнө гарсан гэж шүүгч үзэн цохилтыг дахин гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв. Энэ удаад Кейн алдаагүй бөгөөд Английн шигшээ тэргүүлж эхэлсэн юм.
Улмаар Кейн 42 дахь минутад дахин гоолдож дубль хийсэн бол Жүд Беллинхэм, Маркус Рэшфорд нар тус бүр нэг гоол нэмэрлэв. Хорватын баг эхний үе дуусахаас өмнө хоёр гоол оруулж тоог тэнцүүлсэн ч хоёрдугаар үед Англи дахин хоёр удаа хаалгыг мялааснаар 4:2-ын харьцаатай ялалт байгууллаа.
Сонирхолтой нь Харри Кейн 2022 оны ДАШТ-д Францын эсрэг шийдвэрлэх торгуулийн цохилтоо алдсанаар баг нь тэмцээнээ өндөрлүүлж байсан билээ. Харин энэ удаа тэр алдаагаа залруулж, багийнхаа ялалтын гол баатар болов.
Харин К хэсгийн хүрээнд Португал болон Ардчилсан Конго Улсын шигшээ багууд 1:1-ээр эвийн гэрээ байгууллаа. Тоглолтын тав дахь минутад 21 настай Жоау Невеш ДАШТ дэх анхны гоолоо оруулж Португалыг тэргүүлүүлсэн ч эхний үеийн нэмэлт цагт Йоан Висса тоог тэнцүүлэв.
52 жилийн дараа ДАШТ-д эргэн ирсэн Ардчилсан Конго Улсын хувьд Виссагийн гоол нь тус улсын дэлхийн аваргын түүхэн дэх анхны гоол болж тэмдэглэгдлээ.
Мөн Португалын ахлагч Криштиану Роналдо 41 нас 132 хоногтойдоо гараанд гарснаар энэ удаагийн ДАШТ-д тоглосон хамгийн ахмад хөлбөмбөгчин болсон байна.
Б.АМАРТҮВШИН







Спорт








