Олон улсын Олимпын өдрийг тохиолдуулан М-Си-Эс Кока Кола ХХК болон Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ) “ТОП ОЛИМПЫН ТҮНШ” түншлэлийн гэрээг байгуулж, “Лос Анжелес-2028” Олимпын наадмын хүрээнд хоёр жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ.
Гэрээний хүрээнд МҮОХ нь 2026–2027 онд зохион байгуулагдах өөрийн үйл ажиллагаа болон олон улсын томоохон спортын наадмуудын мэдээлэл, сурталчилгааны сувгуудаар түнш байгууллагын оролцоог онцлон ажиллах бөгөөд “Айчи Нагояа 2026” Азийн XX наадам, “Дакар 2026” Залуучуудын IV Олимпын наадам, “Рияд 2026” Азийн танхимын болон тулааны спортын VI наадам зэрэг арга хэмжээнүүдэд хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Мөн энэхүү түншлэлээр дамжуулан олимпын хөдөлгөөнийг дэмжих, ирээдүйтэй тамирчдыг сурталчлах, спортын боловсрол, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтарсан санаачилга, идэвхжүүлэлтийн ажлуудыг хэрэгжүүлэхийг зорьж байна.
Б.БАТТҮШИГ МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПЫН ХОРООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ
- Олимпын хөдөлгөөнийг хөгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо чухал. Олон улсын Олимпын хороо “ТОП Түнш”-үүдээс санхүүжилт босгох зарчмын дагуу ажилладаг. Энэ жишгээр МҮОХ нь томоохон наадам, тэмцээнд оролцох тамирчдынхаа зардал, бэлтгэл сургуулилтыг санхүүгийн дарамтгүйгээр ТОП Олимпын түнш байгууллагуудынхаа дэмжлэгтэйгээр зохицуулж байна. Энэ жил улсын төсөв хүндрэлтэй байгаа тул зарим спортын төрлүүд маань санхүүгийн асуудалтай тулгарсан. Энэ цаг үед М-Си-Эс Кока-Кола ХХК ТОП Олимпын түнш болох хамтын ажиллагааны гэрээ байгуулж буйд талархаж байна.
Л.МЯГМАРЖАВ М-СИ-ЭС КОКА-КОЛА ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
- М-Си-Эс Кока Кола компани нь 2004 оноос МҮОХ-той хамтран тамирчдыг бодитоор дэмжих олон талт хөтөлбөр, үйл ажиллагааг зохион байгуулж эхэлсэн. Бээжин 2008 Зуны олимпийн наадамтай уялдуулан “Алтын төлөө хамтдаа” хөтөлбөр санаачилж, Монголын дөрвөн тамирчинтай анх удаа хамтран ажиллах гэрээ байгуулж, бэлтгэл сургуулилтыг хангах чиглэлд дэмжлэг үзүүлж байв. Манай тамирчид тус олимпын наадмаас алт, мөнгөн медаль хүртсэн нь Монгол Улсын нэр хүндийг дэлхийн спортын дэвжээнд өндөрт өргөснөөс гадна анх удаагаа олимпын наадмын алтан медалийг эх орондоо авчирсан түүхэн үйл явдал болсон билээ. “Лос-Анжелес 2028” Олимпын наадамд ч мөн адил МҮОХ өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, томоохон амжилт гаргах зорилго тавьсан. Энэхүү зорилтыг биелүүлэхэд М-Си-Эс Кока Кола компани өөрсдийн зүгээс бодитой дэмжлэгээ ийнхүү үзүүлж байна.
Талуудын байгуулсан энэхүү хамтын ажиллагаа нь Монголын спортын хөгжил, олимпын хөдөлгөөнийг хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр өргөжүүлэх, нийгэмд эерэг нөлөө бүхий төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм. М-Си-Эс Кока Кола компани нь 2020-2024 онд МҮОХ-ны Албан ёсны түнш байгууллагаар ажиллаж байсан бөгөөд энэ хүрээнд 2021 онд МҮОХ-ны музейг хамтран тохижуулж байв.
Түүнчлэн тус компани нь багийн спорт, тэр дундаа 3х3 сагсан бөмбөгийн спортын хөгжилд тасралтгүй, системтэй хөрөнгө оруулалт хийсний үр дүнд Монгол Улс анх удаа багийн спортын төрлөөр “Токио-2020” олимпын наадамд оролцох эрх авч чадсан. Мөн 2025 оны ДАШТ-д Монголын эмэгтэй шигшээ баг мөнгөн медаль хүртсэн билээ.
Дэлхийн Кока-Кола компани нь 1928 оны Амстердамын олимпоос хойш 93 жил Олон Улсын Олимпийн Хорооны албан ёсны түнш байгууллагаар тасралтгүй ажилласан бөгөөд олимпизмыг дэлгэрүүлэхэд хамгийн тогтвортой үнэнч түнш байсаар ирсэн юм.







Спорт








