Өнгөрсөн долоо хоногт буюу 2026 оны 6-р сарын 22–25-ны өдрүүдэд Швейцарын Лозанн хотноо Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан болон ОУОХ-ны ээлжит бус 146-р чуулган амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү чуулганаар Олимпын хөдөлгөөний ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох хэд хэдэн чухал шийдвэр гарсан байна. Гол үйл явдлуудыг тоймлон хүргэе.
”Fit for the Future” стратеги ба Олимпын Хартид оруулсан өөрчлөлт
ОУОХ-ноос Олимпын хөдөлгөөний бие даасан байдал, улс төрийн төвийг сахих зарчмыг бэхжүүлэх зорилгоор Олимпын Хартид чухал нэмэлт, өөрчлөлт орууллаа. Тухайлбал, ОУОХ нь засгийн газар, соёл, нийгэм, эдийн засгийн аливаа дарамт шахалтаас ангид байж, төвийг сахих зарчмыг ямагт баримтлах үүрэгтэй гэсэн агуулгыг Хартид тусгасан байна.
Олимпын наадам зохион байгуулагчийг сонгох шинэчилсэн журам
Олимпын наадам зохион байгуулагчийг сонгох үйл явцыг илүү уян хатан, тогтвортой, ил тод болгох зорилгоор шинэ шилжилтийн үе шат буюу “Strategic Dialogue”-ийг нэвтрүүлэхээр болов. Үүний хүрээнд 2036 оны Зуны Олимпын наадмын зохион байгуулагчийг 2029 оны дунд үед тодруулахаар төлөвлөжээ.
Олимпын тамирчдад зориулсан анхны шууд тэтгэлэг
Чуулганы онцлох шийдвэрүүдийн нэг нь “Fit for the Future Olympian Grant” нэртэй шинэ тэтгэлгийн хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Олимпын наадамд оролцсон тамирчин бүрд 10,000 ам.долларын дэмжлэг үзүүлэхээр болсон бөгөөд анхны тэтгэлгийг “Милано-Кортина 2026” өвлийн олимпын оролцогчдоос эхлэн олгохоор зарлалаа.
”Альп 2030” өвлийн олимпын хөтөлбөрт шинэ спорт нэмэгдэв
2030 оны “Альп 2030” өвлийн олимпын хөтөлбөрт ski mountaineering буюу уулын цанын авиралтын спортыг нэмэлт төрлөөр албан ёсоор оруулах шийдвэр гаргалаа.
Удирдах бүрэлдэхүүнтэй холбоотой шийдвэрүүд
ОУОХ-ны гишүүн Лорд Себастьян Коэ болон Тришиа Смит нарын бүрэн эрхийн хугацааг сунгаж, Иво Феррианиг ОУОХ-ны Хүндэт гишүүнээр сонгосон байна.
Мөн ОУОХ-ны эцсийн тайланд “Милано-Кортина”- 2026 өвлийн олимпыг дэлхий даяар 2.6 тэрбум хүн үзэж сонирхсон бөгөөд уг наадам нь ирээдүйн өвлийн олимпын санхүү, зохион байгуулалтын шинэ загвар болж чадсан гэж онцолжээ.
|
Эх сурвалж
| МҮОХ
|
АДМИН



Спорт





