МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккарретаг Олимпик хауст хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр МҮОХ-ны зүгээс Элчин сайд Жованна Пиккарретагийн хоёр улсын найрсаг харилцаа, спортын салбарын хамтын ажиллагаа болон олимпын хөдөлгөөнийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, МҮОХ-ны дээд шагнал “Алтан очир” одонгоор шагнасан юм.
Тэр дундаа “Милан–Кортина 2026” өвлийн XXV олимпын наадамд оролцсон Монголын баг, тамирчдад үзүүлсэн дэмжлэг, идэвх санаачилгатай хамтын ажиллагааг нь онцлон тэмдэглэв.
Элчин сайд Жованна Пиккаррета “Милан–Кортина 2026” олимпын нээлтийн ёслолд Монголын багийн өмссөн үндэсний хувцас нь Монгол Улсын түүх, соёл, өв уламжлалыг дэлхий нийтэд гайхамшигтайгаар сурталчилж, олон улсын хэмжээнд өндөр үнэлгээ авсныг дурдаж, баг тамирчид болон уран бүтээлчдэд баяр хүргэлээ.
Талууд цаашид спортын салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, ялангуяа “Доломити Валтеллина 2028” өвлийн IV залуучуудын олимпын наадмын хүрээнд Монголын баг, тамирчдын оролцоо, бэлтгэл хангалт, зохион байгуулалтын асуудлаар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлэхээр санал нэгдэв.
АДМИН







Спорт






