Оросын цахим худалдааны гигант "Ozon" компани Монгол улсад борлуулалтаа эхлүүлснээ зарласан ч, нөгөө талд тус компанийн Орос дахь 10 гаруй томоохон ложистикийн төв, агуулахууд Украины дроны бөмбөгдөлтөд өртөөд байгаа билээ.
Оросын цахим худалдааны томоохон платформ болох "Ozon" маркетплэйс Монгол Улсад албан ёсоор борлуулалтаа эхлүүлсэн тухайгаа мягмар гарагт мэдэгдлээ. Энэхүү алхам нь Монгол Улсыг тус компанийн Оросоос гадуур бизнесээ өргөжүүлж буй ес дэх улс болгож байгаа юм.
Монгол дахь "Ozon"-ы үйлчилгээ ба хүргэлт
Тус компаниас гаргасан хэвлэлийн мэдээнд дурдсанаар, Монгол Улсын оршин суугчид одооноос эхлэн янз бүрийн ангиллын 90 гаруй сая нэр төрлийн бүтээгдэхүүнийг шууд захиалах боломжтой болсон байна.
- Хүргэлтийн хугацаа: Захиалсан бараа бүтээгдэхүүнийг эхний ээлжинд 10 хоногийн дотор хүргэх аж.
- Хүлээж авах цэг: Монголчууд захиалсан бараагаа төрийн өмчит "Монгол Шуудан" компанийн салбаруудаас очиж авах боломжтой.
- Зорилго: "Ozon CIS"-ийн тэргүүн Наталья Боерын хэлснээр, шинэ зах зээлд нэвтэрсэн нь Оросын жижиглэн худалдаачдад бизнесээ олон улсад тэлэх шинэ суваг болж өгч байна. Тус компани 2021 оноос хойш Беларусь, Армени, Казахстан, Азербайжан, Гүрж, Киргиз, Узбекистан, Туркменистан зэрэг хөрш орнууд болон Хятад, Туркэд үйл ажиллагаагаа идэвхтэй тэлсээр иржээ.
Дайны нөлөө: Украины дроны цохилтод хэдэн төв нь өртөв?
"Ozon" компани олон улсад бизнесээ тэлж байгаа ч, ОХУ-ын дотоод дахь ложистикийн дэд бүтэц нь Украины зэвсэгт хүчний эдийн засгийн хориг, цохилтын гол бай болоод байна. Украин улс Оросын дайны санхүүжилтийг боомилох зорилгоор цахим худалдааны салбарыг нь онилж эхэлжээ.
Украины алсын тусгалтай дронууд сүүлийн хугацаанд "Ozon" компанийн 10 гаруй томоохон агуулах, ложистикийн төвүүдийг амжилттай бөмбөгдөж, галдан шатаагаад байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр дараах томоохон төвүүд цохилтод өртжээ:
- Самара муж (Чапаевск хот): "Ozon"-ы ложистикийн төв анх удаа дроны цохилтод өртөж, гал гарч, ажилчид бэртэж, үйл ажиллагаагаа зогсоосон.
- Дагестан муж (Махачкала хот): Дроны дайралтаар томоохон ложистикийн төв нь бүхэлдээ шатаж, хэд хэдэн хүн шархадсан.
- Оренбург муж: Хамгийн томд тооцогдох 200,000 ам метр талбайтай, 38 сая бараа шилжүүлдэг агуулахад дрон тусаж, үйл ажиллагааг нь бүрэн саатуулсан.
- Ростов муж (Аксай дүүрэг): 30 гаруй дрон бүхий масс довтолгооны үеэр "Ozon"-ы агуулах цохилтод өртөж, гал гарч, 11 хүн шархадсан.
- Белгород муж: Саяхан буюу 8 дугаар сарын сүүлээр пуужин болон дроны цохилтоор "Ozon"-ы ангилан ялгах, хүргэлтийн томоохон төв сүйрч, бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн.
- Бусад бүсүүд: Краснодар (Энем хотхон), Ставрополь (Невинномысск), Адыгея (Адыгейск) болон Санкт-Петербург хотын гаднах агуулахууд мөн адил дроны дайралт болон аюулгүй байдлын дохиоллын улмаас ажилчдаа нүүлгэн шилжүүлж, бараа бүтээгдэхүүнээ системээсээ устгахад хүрээд байна.
Украины тал Оросын цахим худалдааны "платформ эдийн засаг" (нийт ДНБ-ийх нь 8.5%-ийг бүрдүүлдэг) болон тэдний өрсөлдөгч "Wildberries" агуулахуудыг дайны зориулалттай давхар хэрэглээний бараа бүтээгдэхүүн хадгалдаг гэх үндэслэлээр ийнхүү дараалсан цохилтуудыг өгсөөр байгаа юм.
ТАТАР МАЙДАР





Эдийн засаг





