Монгол Улсын цахилгаан эрчим хүчний системийн төрийн өмчит оператор болох Диспетчерийн үндэсний төв нь тус улсын анхны өрсөлдөөнт сэргээгдэх эрчим хүчний дуудлага худалдааны ялагч талуудтай эрчим хүч худалдан авах гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэхүү түүхэн дуудлага худалдаагаар 5 аймгийг дамнан нийт 220 МВт-ын нарны станц болон 135 МВт/440 МВт.ц-ын багтаамжтай цэнэг хураагуурын систем (BESS) барих эрхийг олгосон байна. Үүнд:
- Булган, Өвөрхангай, Говьсүмбэр, Дундговь аймгуудад тус бүр 50 МВт-ын нарны станц болон 30 МВт/100 МВт.ц-ын цэнэг хураагуур бүхий 4 төсөл;
- Хэнтий аймагт 20 МВт-ын нарны станц болон 15 МВт/40 MВт.ц-ын цэнэг хураагуур бүхий 1 төсөл тус тус хэрэгжинэ.
Энэ оны эхээр зохион байгуулагдсан тус дуудлага худалдаанд дотоод, гадаадын 115 компани оролцох сонирхлоо илэрхийлснээс техникийн үнэлгээгээр 19 оролцогч шалгарч, эцэст нь шилдэг 5 компанийг сонгожээ. Худалдан авах тарифын хувьд Дундговь аймагт хамгийн бага буюу 0.0485 ам.доллар/кВт.ц байсан бол Хэнтий аймагт хамгийн өндөр буюу 0.078 ам.доллар/кВт.ц-ын дүнтэй гарсан байна. Засгийн газрын мэдээлснээр эдгээр төслүүдийг өвлийн их ачааллын үеэс өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.
Монгол Улсын Засгийн газрын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал хэлэхдээ, энэхүү дуудлага худалдааны үр дүн нь Монгол улсад чиглэх хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж буйг харуулж байгаа бөгөөд эрчим хүчний салбарыг өрсөлдөөнд нээлттэй болгож, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах Засгийн газрын тууштай зорилтыг баталж байна хэмээн тэмдэглэжээ.
Хоёр дахь шатны дуудлага худалдаа 9 дүгээр сарын 11-нд болно
Эрчим хүчний яамнаас дараагийн ээлжит сэргээгдэх эрчим хүчний дуудлага худалдааг 2026 оны 9 дүгээр сарын 11-нд зохион байгуулахаар зарлалаа. Хоёр дахь дуудлага худалдаагаар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дэх хоёр холболтын цэгт түшиглэн, говийн бүсийг 99.5%-ийн найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах чадалтай, тогтворжуулах шийдэл бүхий сэргээгдэх эрчим хүчний бие даасан үйлдвэрлэгчийг сонгон шалгаруулах юм.
Энэхүү төсөл нь дотоод болон гадаадын хөгжүүлэгчдэд нээлттэй бөгөөд гадаадын компаниудын хувьд Монгол улсад бүртгэлтэй үндэсний компанитай хамтарсан консорциум байгуулах ба үндэсний компани нь давуу эрхийн хувьцааг эзэмших шаардлагатай. Дуудлага худалдааны баталгааг сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлын МВт тутамд 5,000 ам.доллараар тогтоосон байна.
ТАТАР МАЙДАР







Эдийн засаг





