Шатахууны урт хугацааны нийлүүлэлт ба хайгуулын түүхэн хөрөнгө оруулалт: Монгол Улс болон Хятадын CNPC газрын тосны салбарт 20 жилийн стратегийн шинэ эринийг эхлүүллээ
Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Гонгорын Дамдинням БНХАУ-ын Газрын тосны корпораци (CNPC)-ийн Ерөнхий захирал Жоу Шиньхуайтай албан ёсны уулзалт хийлээ. Талууд хамтын ажиллагааг богино хугацааны худалдан авалтаар хязгаарлахгүйгээр «хайгуул – олборлолт – боловсруулалт – шатахууны нийлүүлэлт – нүүрс-хими» гэсэн цогц хэлбэрт шилжүүлж, дараагийн 20 жилийн стратегийн түншлэлийг өргөжүүлэн ажиллахаар түүхэн тохиролцоонд хүрэв.

Уулзалтын үр дүнд шатахууны урт хугацааны тогтвортой нийлүүлэлт, газрын тосны хайгуул, олборлолт, шинэ хайгуулын талбайн хамтын ажиллагаа, баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах болон нүүрс-химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэл тус бүрээр нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, судалгааны ажлыг хамтран эхлүүлэхээр боллоо.
Шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, урт хугацааны гэрээнд шилжинэ
CNPC-ийн зүгээс Монгол Улсад энэ оны 9 дүгээр сард багтаан 10,000 тонн автобензин, 4,000 тонн онгоцны түлш, 3,000 тонн дизель түлшийг баталгаатай нийлүүлэхээр тохиролцов.
Үүнээс гадна дотоодын зах зээлийн хэрэгцээг хангах зорилгоор Монголын талаас 9 дүгээр сард нэмэлтээр 5,000 тонн АИ-92 автобензин, 20,000–30,000 тонн дизель түлш, мөн 10 дугаар сард 10,000 тонн АИ-92 автобензин, 30,000–40,000 тонн дизель түлш нийлүүлэх хүсэлтийг тавьсныг Хятадын тал шуурхай судалж, нааштай шийдвэрлэхээ илэрхийллээ.
Цаашид талууд шатахууны хангамжийг тогтвортой байлгах үүднээс баталгаат хэмжээ, ил тод шударга үнийн томьёолол бүхий урт хугацааны гэрээний тогтолцоонд шилжихээр CNPC болон “PetroChina International” компаниудтай ойрын хугацаанд бодит хэлцэл хийхээр эцэслэн тогтов.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр баталгаатай хангана
2028 онд ашиглалтад орох Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийг тогтвортой, тасралтгүй ажиллуулахын тулд Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайгаас олборлох түүхий тосны нийлүүлэлтийг урт хугацаанд баталгаажуулах механизмыг бүрдүүлэхээр боллоо.
Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам (АҮЭБЯ), CNPC, “Daqing Oilfield” болон Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн төлөөллөөс бүрдсэн хамтарсан техникийн баг байгуулж, түүхий тосны олборлолт, чанар, логистикийн асуудлыг нарийвчлан боловсруулахаар тохиролцсон байна.
Үүний зэрэгцээ Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайн 2026–2030 оны хөрөнгө оруулалт, олборлолтын хөтөлбөрийг шинэчлэн, шинэ цооног өрөмдөх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх замаар жилийн олборлолтыг 0.8–1.0 сая тонн хүртэлх боломжит дээд түвшинд хүргэх замын зураглалыг хамтран гаргана. Мөн Монгол Улсын шинээр зарлах 1–2 хайгуулын талбайд хамтарсан геологи-эдийн засгийн урьдчилсан үнэлгээг эхлүүлэхээр боллоо.
Нүүрс-химийн салбарт шинэ технологи нэвтрүүлнэ
Хоёр улсын хамтын ажиллагааг зөвхөн уламжлалт газрын тосны салбараар хязгаарлахгүйгээр нүүрсний гүн боловсруулалт, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэл рүү өргөжүүлж байна. Энэ хүрээнд нүүрсний давхаргын метан хий, нүүрснээс нийлэг хий болон шингэн түлш үйлдвэрлэх зэрэг нүүрс-химийн технологийн төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжийг судлахаар тогтов.
Эдгээр түүхэн тохиролцоо, төслүүдийг бодит ажил хэрэг болгох үүднээс ойрын хугацаанд АҮЭБЯ болон CNPC хооронд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, нарийвчилсан замын зураглалыг эцэслэн батлахаар тохиролцлоо.
ТАТАР МАЙДАР




 (convert)


Эдийн засаг




