Dark Light
Эдийн засаг | 2026-10-03

ИРГЭД ЯАГААД "НДШ" ГЭДЭГ ҮГНЭЭС ЦЭРВЭЖ БАЙНА ВЭ?

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Монгол Улсад Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлөхөөс сайн дураараа татгалзах, эсвэл боломж л гарвал бултахыг эрмэлзэх далд сонирхол газар авсаар байна. Энэ нь зөвхөн хэдэн иргэний татвар төлөх дургүйдээ гаргаж буй үйлдэл биш, харин төрийн систем, санхүүгийн удирдлагад итгэх олон нийтийн итгэлцэл гүнзгий хямарсаны бодит илрэл юм. Өнөөдөр цалингаа "цагаанаар" авч буй албан журмын даатгуулагчдаас бусад буюу хувиараа хөдөлмөр эрхлэгчид, чөлөөт уран бүтээлчид (фрилансерууд), малчид болон залуу үеийнхний дунд НДШ-ээс системтэйгээр зугтах хандлага маш өндөр байна. 

Өнөөдөр Монголд хамгийн их маргаан дагуулдаг, хүн бүрийн халаастай шууд тулдаг сэдэв бол Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ). Боломж л гарвал НДШ төлөхөөс татгалзах, цалингаа "хар цагаанаар" хувааж авах, эсвэл сайн дурын даатгалаа зогсоох сонирхол залуус болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дунд газар авлаа. Статистик харвал Монголын ажиллах хүчний бараг 40 гаруй хувь нь нийгмийн даатгалын гадна, далд эдийн засагт амьдарч байна. Иргэд яагаад хуулиар хүлээсэн үүргээсээ ингэтлээ зугтах болов? Үүнд гурван гол шалтгаан байна.

"30 жилийн дараах тэтгэврээс өнөөдрийн бэлэн мөнгө нь дээр"

Монголд ажилтан цалингийнхаа 11.5 хувийг, ажил олгогч 12.5-аас 14.5 хувийг НДШ-д суутгуулдаг. Нийлбэр дүнгээрээ таны хөдөлмөрлөж олсон орлогын 24-26 хувь нь зөвхөн энэ санд суутгагдаж байна гэсэн үг.

Инфляци өндөр, төгрөгийн ханш сул, өргөн хэрэглээний барааны үэ тэнгэрт хадсан өнөөдрийн нийгэмд залуу үеийнхэн маш прагматик сонголт хийж байна. Тэд "30 жилийн дараа хэдэн төгрөгийн тэтгэвэр авах нь тодорхойгүй, тэр үед нь энэ мөнгө үнэгүйдчихсэн байх эрсдэлтэй тул өнөөдөр гар дээрээ бэлэн мөнгөө бүтэн авч, амьдралдаа зарцуулсан нь дээр" гэж үзэж байна.

Үхвэл улсад хураагддаг "Шударга бус" систем

Монголын тэтгэврийн тогтолцоо нь "Эв хамтын" зарчимтай. Өөрөөр хэлбэл, таны өнөөдөр төлж буй мөнгөөр одоогийн ахмадуудын тэтгэврийг олгодог. Бидний сошиал хаягнаас хардаг "Нэрийн данс" гэдэг нь яг үнэндээ бодит мөнгөн хуримтлал биш, зөвхөн цаасан дээрх виртуал тоо юм.

Хамгийн гол бухимдал нь хэрэв даатгуулагч насаараа НДШ төлчихөөд, тэтгэвэрт гарах насандаа хүрч чадалгүй цаг бусаар амьсгал хураавал түүний төлсөн олон сая төгрөгийг үр хүүхэд, гэр бүлд нь өвлүүлдэггүй. Мөнх бусыг үзүүлэнгүүт л насаараа хуримтлуулсан мөнгө нь шууд улсын сан руу ордог нь иргэдийн дунд "Төрд мөнгөө зүгээр бэлэглэх хэрэг байна уу" гэх гомдлыг үүсгэдэг.

Төрийн санхүүд итгэх үл итгэлцэл

Нийгмийн даатгалын сан (НДС) жил бүр дампуурлын ирмэгт очиж, улсын төсвөөс (бидний татварын мөнгөнөөс) 1 их наяд орчим төгрөгийн татаас авч байж ахмадуудын тэтгэврийг тавьж байна. Дээр нь Капитал банк болон бусад банкуудад нийгмийн даатгалын олон зуун тэрбум төгрөгийг байршуулж алдсан, эрх мэдэлтнүүд хувааж идсэн гэх хэл амнууд олон нийтийн итгэлийг бүрмөсөн үгүй хийсэн. Иргэд төр өөрсдийнх нь мөнгийг үр ашигтай удирдаж, өсгөж чадна гэдэгт огт итгэхгүй байна.

Дүгнэлт:

Иргэд НДШ төлөх дургүйдээ биш, хариу үйлчилгээ болон ирээдүйн баталгаандаа эргэлзэж байна. Хэрэв төр засаг тэтгэврийн санг Сингапур шиг бодит "Хуримтлалын сан" (мөнгө нь хөрөнгө оруулалтад орж өсдөг, хувь хүндээ өвлөгддөг) болгож өөрчлөхгүй бол НДШ-ээс зугтах далд эдийн засаг хумигдахгүй. Энэ хэвээр үргэлжилбэл ирэх 10-20 жилүүдэд Монгол улс "насаараа хөдөлмөрлөсөн ч ямар ч тэтгэвэргүй, нийгмийн хамгаалалгүй асар олон ядуу ахмадуудын" маш том нийгмийн хямралтай нүүр тулах нь цаг хугацааны асуудал болоод байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19