“Эрдэнэс Монгол” нэгдлийн нэрийг 2026 оны зургаадугаар сарын 17-нд Засгийн газрын шийдвэрээр “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК болгон өөрчилж, бүтэц, зохион байгуулалтад нь томоохон өөрчлөлт хийсэн. Энэ хүрээнд нэгдлийн харьяа 14 хуулийн этгээдийг татан буулгах, нэгтгэх шийдвэр гаргаж, давхардсан чиг үүрэг, орон тоог цөөлөх замаар зардлыг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлэх зорилт тавьсан юм. Засгийн газрын мэдээлснээр дээрх бүтцийн өөрчлөлтөөр 260 орон тооны давхардлыг арилгаж, захиргааны зардлыг 10, түрээсийн зардлыг 30 хувиар бууруулан, нийт 67.3 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахаар тооцоолсон байна.
Энэ өөрчлөлтийн дараа Чингис хаан баялгийн сан нэгдлийн төсөвт үзүүлэх өгөөж анхаарал татах болсон. Учир нь 2027 оны төсвийн төсөл болон Үндэсний баялгийн сангийн төсвийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэж байгаа энэ үед төрийн өмчит компаниудын ашиг, ногдол ашгийг төсөвт төвлөрүүлэх бодлого илүү тодорхой болж байна.
Улсын Их Хурлын 2026 оны есдүгээр сарын 25-ны нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны улсын төсөв болон Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын төрд ногдох ногдол ашгийг улсын төсөвт төвлөрүүлэх зохицуулалтыг тусгасан байна.
2027 онд 3.5 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тооцжээ.
Төсвийн төсөлтэй холбоотой мэдээллээр төрийн өмчит компаниудаас улсын төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн хэмжээ 2026 онд 1.5 их наяд, 2027 онд 3.5 их наяд төгрөг байхаар тооцоолжээ. Энэ орлогын гол эх үүсвэрт Чингис хаан баялгийн сан нэгдлийн харьяа уул уурхайн компаниуд багтаж байна.
Энд нэг зүйлийг тодруулах шаардлагатай. 3.5 их наяд төгрөгийг Чингис хаан баялгийн сан нэгдэл дангаараа төсөвт өгөх мөнгө гэж ойлгох нь өрөөсгөл. Харин төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудаас төсөвт төвлөрүүлэх нийт ногдол ашгийн дүн бөгөөд Чингис хаан баялгийн сан нэгдэл болон түүний харьяа уул уурхайн компаниуд энэ орлогыг бүрдүүлэхэд голлох байр суурь эзэлнэ.
Сангийн яамны мэдээллээр “Эрдэнэс Монгол” нэгдлийн балансад бүртгэлтэй цэвэр ашиг 3.5 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд нэгдлийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн нийт өртөг 3.2 их наяд төгрөг байна. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн төрд хуваарилах ёстой хуримтлагдсан ногдол ашиг 7.6 их наяд төгрөгт хүрсэн талаар мэдээлсэн байна.
Төсөвт орлого төвлөрүүлэх гурван гол чиглэл
Чингис хаан баялгийн сангийн 2027 онд төсөвт үзүүлэх өгөөжийг зөвхөн тухайн жилийн ашигтай холбох бус, өмнөх хугацаанд хуримтлагдсан авлага, мөн зардал бууруулах бүтцийн шинэчлэлтэй хамтатган харах шаардлагатай.
Нэгдүгээрт, компаниудын ашиг болон төрд ногдох ногдол ашиг юм. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын төрд ногдох ногдол ашгийг холбогдох хууль, журмын дагуу улсын төсөвт төвлөрүүлэхээр төсвийн төсөлд тусгасан байна.
Хоёрдугаарт, өмнөх онуудын ногдол ашгийн авлага байна. Төрийн өмчийн компаниудад хуримтлагдсан, төрд хуваарилагдаагүй ногдол ашгийг төсөвт төвлөрүүлэх нь 2027 оны орлогын нэг чухал эх үүсвэр болж байна. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” компанийн төрд өгөх хуримтлагдсан ногдол ашиг 7.6 их наяд төгрөг болсон талаар Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга мэдээлжээ.
Гуравдугаарт, бүтцийн шинэчлэлээр зардлыг бууруулж, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх зорилт тавьж байна. 2026 оны зургаадугаар сард хийсэн бүтцийн өөрчлөлтөөр 14 хуулийн этгээдийг татан буулгах, нэгтгэх шийдвэр гаргасан бөгөөд үүний үр дүнд 260 орон тооны давхардлыг арилгаж, 67.3 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахаар тооцсон юм.
“Хоёр төсөвтэй” байдлыг өөрчлөх зорилт
Төрийн өмчит компаниудын ашгийг төсөвт төвлөрүүлэх асуудал сүүлийн жилүүдэд маргаан дагуулсаар ирсэн. Төрийн өмчит компаниуд ашигтай ажиллаж байгаа хэдий ч тухайн орлогыг улсын төсөвт төвлөрүүлэхийн оронд өөрсдийн төсөл, хөтөлбөрт зарцуулдаг байдлыг шүүмжилж, төсвийн гадуурх зарцуулалтыг бууруулах шаардлагатай гэсэн байр суурь гарч байгаа юм.
Иймээс 2027 оны төсвийн бодлогод төрийн өмчит компаниудын ашиг, ногдол ашгийг улсын төсөвтэй уялдуулах нь гол өөрчлөлтүүдийн нэг болж байна.
Засгийн газар 2027 оны төсөв боловсруулах чиглэлдээ төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн чиг үүргийн давхардлыг арилгах, бүтцийг оновчлох, шаардлагатай тохиолдолд татан буулгах, олон нийтэд нээлттэй компани болгох замаар засаглал, ил тод байдал, ашигт ажиллагааг сайжруулж, төсвийн орлогыг нэмэгдүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон.
Хуримтлалын сангийн хөрөнгийг удирдах чиг үүрэг нэмэгдэнэ
Чингис хаан баялгийн сан нэгдлийн үүрэг зөвхөн төрийн өмчит компаниудын ашгийг төсөвт төвлөрүүлэхээр хязгаарлагдахгүй.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд уул уурхай, ашигт малтмал боловсруулах салбар дахь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрд ногдох ногдол ашгаас Үндэсний баялгийн санд хуваарилаад үлдэх хэсгийг улсын төсөвт ногдол ашгийн орлого хэлбэрээр төвлөрүүлэх зохицуулалтыг тусгасан байна.
Мөн Хуримтлалын сангийн хөрөнгийн тодорхой хэсгийн хөрөнгийн удирдлагыг Чингис хаан баялгийн сан нэгдэл хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтын өгөөжөөр дамжуулан хуримтлалыг нэмэгдүүлэхээр тусгажээ.
Үндэсний баялгийн сангийн одоогийн мэдээллээр 2026 оны наймдугаар сарын 31-ний байдлаар Чингис хаан Үндэсний баялгийн санд нийт 8.9 их наяд төгрөгийн эх үүсвэр төвлөрснөөс 1.4 их наяд төгрөг нь Хуримтлалын сан, 7.5 их наяд төгрөг нь Ирээдүйн өв санд төвлөрсөн байна.
2027 оны төсөвт ямар ач холбогдолтой вэ?
Ингэснээр Чингис хаан баялгийн сан нэгдлийн 2027 оны гол зорилтыг зөвхөн “улсын төсөвт тодорхой хэмжээний мөнгө өгөх” гэж харахаас илүүтэйгээр төрийн өмчит компаниудын ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, ногдол ашгийг цаг тухайд нь төвлөрүүлэх, үр ашиггүй бүтцийг цөөлөх, төрийн өмчийн өгөөжийг нэмэгдүүлэх гэсэн цогц бодлого гэж харах нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл, 2027 онд төсөвт төвлөрүүлэхээр тооцож буй 3.5 их наяд төгрөгийн ногдол ашгийн орлого нь уул уурхайн салбарын төрийн өмчийн өгөөжийг төсөвт илүү шууд тусгах зорилтын нэг хэсэг юм. Харин энэ орлого бодитоор бүрдэх эсэх нь компаниудын ашиг, ногдол ашиг хуваарилах шийдвэр, хуримтлагдсан авлагыг барагдуулах явц, мөн бүтцийн шинэчлэл хэр үр дүнтэй хэрэгжихээс хамаарна.
Улсын Их Хурал 2027 оны төсвийн тухай болон Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр хэлэлцэж, дараагийн шатны хэлэлцүүлэгт шилжүүлээд байна. Иймээс дээрх тоонууд нь одоогоор төсвийн төсөлд туссан зорилтот үзүүлэлтүүд бөгөөд эцэслэн батлагдсан төсвийн дүнтэй адилтгаж болохгүй.
Г.ГАНЦЭЦЭГ







Эдийн засаг




