Дэлхийн улс орнууд шатахууны хараат бус байдлыг хангахын тулд бага оврын, бие даасан боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлж байна.
Өнөөдөр дэлхийн эрчим хүчний зах зээл дээр шатахууны хараат бус байдал, бүс нутгийн хангамжийн аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор бага оврын, бие даасан боловсруулах үйлдвэрүүдийг (modular/mini-refineries) байгуулах хандлага хүчтэй өрнөж байна. Эдгээр үйлдвэрүүд нь аварга том цогцолборуудтай харьцуулахад бага зардлаар, богино хугацаанд баригддаг бөгөөд дотоодын болон бүс нутгийн бензин, дизель түлшний хэрэгцээг шуурхай нөхөх давуу талтай юм.
Өнөөгийн байдлаар ийм төрлийн бага оврын шатахуун үйлдвэрлэлийг амжилттай хөгжүүлж буй гол улс орнууд хүчин чадал болон хууль эрх зүйн хувьд дараах хандлагатай байна:
-
Нигери улс (Хууль ёсны модуль үйлдвэрүүд): Төрөөс жижиг үйлдвэрүүдийг бодлогоор дэмжиж, хувийн хэвшлийн байгууллагуудад тусгай зөвшөөрөл олгодог. Эдгээр үйлдвэрүүд нь хоногт 1,000-аас 10,000 баррель түүхий тос боловсруулж, 150,000-аас 1,500,000 литр бэлэн шатахууныг зах зээлд нийлүүлж байна.
-
БНХАУ (Teapot буюу данхан үйлдвэрүүд): Шаньдун мужид төвлөрсөн, төрийн бус, бие даасан үйлдвэрүүдийн томоохон сүлжээ юм. Хэдий жижиг ангилалд багтдаг ч хүчин чадал нь хоногт 20,000-аас 100,000 баррель (3-15 сая литр шатахуун) хүрдэг. Засгийн газраас үйл ажиллагааг нь зөвшөөрдөг ч сүүлийн жилүүдэд татвар, байгаль орчны стандартаар дамжуулан хяналтаа эрс чангатгасан.
-
АНУ (Микро/Модуль үйлдвэрүүд): Техас болон Ойрхи Баруун мужуудад байрлах эдгээр байгууламжууд нь занарын тосны орон нутгийн эх үүсвэрийг ашиглан хоногт 5,000-аас 30,000 баррель (800,000 - 4.5 сая литр) шатахуун үйлдвэрлэдэг. Байгаль орчныг хамгаалах агентлагийн (EPA) стандартыг хангасан тохиолдолд үйл ажиллагааг нь бүрэн зөвшөөрдөг.
Хууль бус, гар аргаар шатахуун нэрэгч бүс нутгууд
Нөгөө талаас, төрийн хяналт сул эсвэл дайн тулаантай бүс нутгуудад (Нигерийн Дельта бүс, Сирийн зүүн хойд хэсэг, Мьянмар) нутгийн иргэд гар аргаар, маш эртний технологиор түүхий тосыг буцалгаж, амьжиргаагаа залгуулж байна. Эдгээр микро байгууламжууд нь хоногт ердөө 5-аас 100 баррель (800 - 15,000 литр) маш чанар муутай шатахуун гаргадаг. Хор хохирол, байгаль орчны бохирдол ихтэй тул улс орнууд үүнийг эрүүгийн гэмт хэрэгт тооцож, хатуу хориглодог боловч хяналтгүй бүсүүдэд нууцаар ажилласаар байна.
Олон улсын шинжээчдийн үзэж байгаагаар, хууль ёсны бага оврын модуль үйлдвэрүүд нь хөгжиж буй орнуудын хувьд шатахууны дотоодын үнийг тогтвортой байлгах, импортын хараат байдлаас гарах хамгийн оновчтой, уян хатан шийдэл болж байгаа юм.
ТАТАР МАЙДАР






Эдийн засаг




