Шатахууны хомсдолоос шалтгаалан Монголчууд Хятадын цахилгаан автомашиныг сонгож байгаа тухай Хятадын эрчим хүч, цахилгаан эрчим хүчний салбар дахь төрийн дэмжлэгтэй, нэр хүнд бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох 中国电力新闻网 бичжээ.
Монгол Улс шатахууны нийлүүлэлтийн хязгаарлалт, түлшний хомсдолтой нүүр тулж буй энэ үед шинэ эрчим хүчний автомашины (NEV) шилжилтийг эрчимжүүлж байна. Энэ хэрээр хямд үнэтэй, найдвартай ажиллагаатай Хятадын цахилгаан автомашинууд орон нутгийн зах зээлд хурдацтай танигдаж эхэллээ.
Манай улс дунд болон урт хугацааны үндэсний хөгжлийн хөтөлбөртөө шинэ эрчим хүчний автомашиныг дэмжих, цэнэглэх станцын сүлжээг өргөжүүлэх асуудлыг тусган, цахилгаан тээврийн шилжилтийг урагшлуулж байна. Ирэх хоёр жилийн хугацаанд нийслэл Улаанбаатар хот болон бусад бүс нутгуудад "ногоон станц" гэж нэрлэгдэх 500 орчим цахилгаан автомашин цэнэглэх станц байгуулахаар төлөвлөжээ.
Өмнө нь орон нутгийн хэрэглэгчид цахилгаан автомашины Монголын эрс тэс, хүйтэн өвлийн уур амьсгалд ажиллах чадварт эргэлзэж, болгоомжлох хандлагатай байсан юм. Гэвч түлшний нийлүүлэлт хумигдаж, ердийн бензин болон дизель хөдөлгүүртэй автомашин ашиглах зардал өсөхийн хэрээр Хятадын цахилгаан автомашиныг сонирхох иргэдийн урсгал эрс нэмэгдэв.
Улаанбаатар хотод Хятадын цахилгаан автомашиныг эртлэн хэрэглэгчдийн нэг бол Отгонбаяр юм. Тэрээр "Би 2024 онд Хятадын цахилгаан автомашин худалдаж авсан. Хоёр гаруй жил унасны дараа эдгээр машины талаарх миний ойлголт бүрэн өөрчлөгдсөн. Бүрэн цэнэглэхэд ердөө 20,000 төгрөг (ойролцоогоор 5.6 ам.доллар) болдог бөгөөд энэ нь өдөр тутмын ажилдаа явахад хангалттай хүрэлцдэг. Түүнчлэн маш зөөлөн, тухтай явдалтай" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Отгонбаярын адил автомашин эзэмшигчид цахилгаан машины давуу талыг биеэр мэдэрснийхээ дараа найз нөхөд, гэр бүлийнхэндээ Хятадын цахилгаан автомашиныг санал болгох нь олширчээ. Улаанбаатарчуудын дунд Хятадын цахилгаан автомашиныг сонгож, байгальд ээлтэй тээврээр зорчих нь улам бүр түгээмэл чиг хандлага болж байна.
Улаанбаатар дахь Хятадын цахилгаан автомашины дилерийн төвүүдэд машин сонирхох, захиалга өгөх, худалдан авсан хүлэг рүүгээ хүлээж авах иргэдийн хөл хөдөлгөөн тасрахгүй байна. Борлуулалтын ажилтнуудын хэлснээр, сүүлийн саруудад борлуулалт эрс өссөн нь зах зээлийн хүчтэй сонирхлыг илтгэж байгаа аж.
Сүүлийн жилүүдэд Хятадын хэд хэдэн компани Монгол Улстай шинэ эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа идэвхжүүлээд байна. "Zero Carbon Engine Technology Group Co., Ltd" компанийн дэд ерөнхийлөгч Жэн Дундун хэлэхдээ, тус компани нь цахилгаан автомашины нэвтрүүлэлт болон хэрэглээг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор орон нутгийн холбогдох эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж байгааг онцоллоо хэмээн 中国电力新闻网 бичсэн байна.
ТАТАР МАЙДАР







Эдийн засаг




