Dark Light
Эдийн засаг | 2026-10-13

ХӨРШҮҮД ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧЭЭР ХОЛБОГДОВ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Монгол, Хятадын хооронд анх удаа нэгдсэн сүлжээний шугам ашиглалтад орсон тухай Хятадын ХМХ-үүд хэрхэн мэдээлснийг тоймлон хүргэе. Тухайлбал  中国电力新闻网 сайтад бичсэнээр Монгол, Хятад улс бүс нутгийн эрчим хүчний интеграцчилалд томоохон алхам хийж, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, хил дамнасан цэвэр эрчим хүчний солилцоог өргөжүүлэх зорилготой анхны "сүлжээнээс сүлжээнд" (grid-to-grid) цахилгаан дамжуулах шугамыг албан ёсоор ашиглалтад орууллаа. Энэхүү түүхэн үйл явдал өнгөрсөн сард тохиосон бөгөөд Монголын 220 киловольтын (кВ) дэд станцыг БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны бүсийн эрчим хүчний сүлжээтэй амжилттай холбосон байна гэсэн байна.

Өвөр Монголын Эрчим Хүчний Группийн (Inner Mongolia Power Group) барьж байгуулсан 220 кВ-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах шугам нь Өвөр Монголоос хил даван Монгол Улсын Өмнөговь аймагт шууд цахилгаан түгээж эхэллээ. Ингэснээр хоёр орны эрчим хүчний хамтын ажиллагаа урьдны нэг цэгийн тусгаарлагдсан хангамжаас бүрэн синхрончлогдсон, хоёр талт хил дамнасан дамжуулах сүлжээний түвшинд хүрч ахисныг тус компани онцоллоо.

Төслийн гол онцлогууд:

  • Өмнөд бүсийн эрчим хүчний дутагдлыг шийдвэрлэнэ: Энэхүү төсөл нь уул уурхайн салбар хурдацтай хөгжиж, хүн амын суурьшил нэмэгдэхийн хэрээр дотоодын үйлдвэрлэл нь хэрэгцээгээ гүйцэхгүй байгаа Монголын өмнөд бүсийн эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх зорилготой юм.

  • 40 гаруй хувь нь Ногоон эрчим хүч байна: Хоёр талт ногоон цахилгаан эрчим хүчний худалдааны гэрээний хүрээнд нийт нийлүүлж буй эрчим хүчний 40 гаруй хувийг цэвэр болон сэргээгдэх эрчим хүч бүрдүүлнэ.

  • Техникийн стандартыг ижилсүүлэв: Хоёр орны инженерүүд сүлжээг синхрончлох нарийн төвөгтэй асуудлуудыг шийдэж, үйл ажиллагааны протокол болон техникийн стандартуудыг нэгдсэн тогтолцоонд оруулжээ.

  • Хэрэгжсэн хугацаа: Хоёр тал 2023 оны эхээр албан ёсны хэлэлцээг эхлүүлж, хил дамнасан зохицуулалтын механизмыг бүрдүүлснээр зуны улиралд туршилтын ажиллагааг явуулж, улмаар есөн сард арилжааны бүрэн ашиглалтад оруулсан байна.

"Бүс ба Зам" санаачилга ба бүс нутгийн хамтын ажиллагаа

Энэхүү ололт нь Хятад улсын "Бүс ба Зам" санаачилгын хүрээнд хөрш орнуудтайгаа эрчим хүчний холболтоо гүнзгийрүүлэх томоохон зорилтын нэг хэсэг юм. Үүнтэй ижил төсөл болох Хятадын Юньнань муж болон Лаосын хооронд олон жил хэрэгжиж буй эрчим хүчний холболт нь Меконг мөрний сав газрын бүсэд усан цахилгаан станцын улирлын чанартай зөрүүг тэнцвэржүүлж, цэвэр эрчим хүчний хуваарилалтыг оновчтой болгох жишиг төсөл болоод байгаа билээ.

Дэлхийн хамгийн том эрчим хүчний сүлжээн дэх шинэчлэл

Эдгээр хил дамнасан төслүүд нь дэлхийн хамгийн томд тооцогдох Хятадын дотоодын эрчим хүчний сүлжээнд суурилж байна. БНХАУ-ын Эрчим хүчний үндэсний газраас гаргасан тайлангаар, тус улсын нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2025 онд түүхэндээ анх удаа 10 их наяд киловатт-цагийн босгыг давж, 10.37 их наяд кВт.ц-д хүрсэн байна.

Энэхүү асар их эрэлтийг хангах, улмаар 15 дугаар таван жилийн төлөвлөгөөний (2026-2030) суурийг тавихын тулд Хятад улс сүлжээний дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа хурдасгаж, 2025 онд үндэсний цахилгаан сүлжээнд 639.5 тэрбум юань (95.6 тэрбум ам.доллар) зарцуулжээ. Үүний тал гаруй хувийг хөдөө орон нутаг болон алслагдсан хилийн бүс нутгийн сүлжээний найдвартай байдлыг сайжруулахад чиглүүлсэн байна. Өдгөө тус улсад 220 кВ болон түүнээс дээш хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамын урт 1 сая километрээс давжээ.

Сэргээгдэх эрчим хүчний асар том байгууламжуудын ачаар ногоон эрчим хүч нь Хятадын 2025 оны нийт цахилгаан хэрэглээний 38.5 хувийг хангасан нь 2020 оны эцэс үетэй харьцуулахад даруй 9 орчим хувиар өссөн үзүүлэлт юм.

State Grid Эрчим хүчний судалгааны хүрээлэнгийн ахлах инженер Е Сяонины тэмдэглэснээр, Хятад улс дотоодын эрчим хүчний шугам сүлжээ болон сэргээгдэх эрчим хүчний баазаа өргөжүүлэхийн хэрээр тэдний техникийн туршлага болон цэвэр эрчим хүчний илүүдэл нь бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, хөрш орнуудын зах зээлийн интеграцчилалд улам бүр идэвхтэй үүрэг гүйцэтгэх болно. Дэлхийн хамгийн том сэргээгдэх эрчим хүчний хэрэглэгч бөгөөд үйлдвэрлэгч болох Хятад улсын эрчим хүчний дэд бүтцийн тасралтгүй шинэчлэл нь сэргээгдэх эрчим хүчний нөөцийг улс орон даяар, цаашлаад бүс нутгийн хэмжээнд оновчтой хуваарилах боломжийг эрс сайжруулж байна гэжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10