Европын супермаркетуудын сүлжээ кибер халдлагад өртөж, хүнсний аюулгүй байдалд аюул заналхийллээ
Европын хүнсний дэлгүүрүүдийн сүлжээ томоохон кибер халдлагад өртсөний улмаас Франц дахь зуу зуун салбарын хөргөлтийн системүүд доголдож, АНУ болон Европын хэрэглэгчдэд үйлчилдэг цахим хуудсуудаа хаахад хүрчээ.
Францын Сангийн сайд Роланд Лескур мягмар гарагт Парламентын чуулганы үеэр мэдэгдэхдээ, тус улсын нийт 10,000 супермаркетын 700 орчим нь энэхүү халдлагад өртөөд байгааг баталсан байна. Тэрээр Франц улсын хүнсний хангамжид шууд нөлөөлөхүйц эрсдэл үүсээгүй гэдгийг тэмдэглэсэн ч энэ удаагийн халдлага нь "манай улсын хүнсний аюулгүй байдлын зүрхэнд хүрсэн" үйл явдал боллоо гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
Энэхүү халдлага нь зөвхөн нэг супермаркетад биш, Францын хүнсний жижиглэн худалдааны хэд хэдэн томоохон үндэсний сүлжээ дэлгүүрүүдийг нэгэн зэрэг хамарсан нийтлэг дайралт байсан бөгөөд улс даяар нийт 700 орчим салбар дэлгүүр өртсөн байна.
Албан ёсны эх сурвалжуудын мэдээлснээр халдлагад өртсөн супермаркетуудын брэнд нэрсийг дурдвал:
-
Intermarché ба Netto: Хамгийн хүнд цохилтод өртсөн сүлжээ бөгөөд тус брэндийн 150-аас 300 орчим салбар дэлгүүрийн хөргөлтийн систем доголдсон байна.
-
Coopérative U (нэгдэл): Тус сүлжээний 2000 гаруй дэлгүүрээс 80-аас 100 орчим салбарын хөргүүрүүд хакердуулжээ.
-
Carrefour: Францын болон дэлхийн жижиглэн худалдааны аварга корпорацийн 80 орчим супермаркет халдлагад өртсөнөө баталсан байна.
-
E.Leclerc: Францын хамгийн том хүнсний сүлжээнүүдийн нэг бөгөөд олон тооны салбарынх нь хөргүүрүүд алсын зайнаас гэсгээх горимд шилжсэн байна.
-
Monoprix: Тус сүлжээ дэлгүүрийн нийт салбарынх нь 5 орчим хувь (буюу 25 орчим дэлгүүр) өртжээ.
Яагаад олон сүлжээ нэг дор өртөв?
Хакерууд супермаркетуудын өөрсдийнх нь дотоод сүлжээ рүү биш, харин эдгээр бүх сүлжээ дэлгүүрүүдийн хөргүүр, хөлдөөгчний температурыг алсаас удирдан тохируулдаг Дани улсын "Danfoss" компанийн үйлдвэрлэсэн программ хангамжийн сул талыг ашиглан нэг дор бөөнөөр нь халдсан байна. Хакерууд хөргүүрүүдийг шөнийн дотор Цельсийн +50 хэм хүртэл халааснаас болж сая сая еврогийн шинэ болон хөлдөөсөн бүтээгдэхүүнүүд муудаж, зарим дэлгүүрт гал гарчээ.
Түүнчлэн Европын бусад орнууд болох Герман, Бельги, Испани, Нидерландын хүнсний сүлжээнүүд ч мөн адил кибер аюулгүй байдлын асуудалтай тулгарч эхэлсэн байна.
ТАТАР МАЙДАР





Эдийн засаг




