Dark Light
Эдийн засаг | 2026-10-15

"AZZURO RESOURCES" МОНГОЛЫН ТӨСЛҮҮДДЭЭ $3.06 САЯЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Azzuro Resources" (ASX: AZ9) компани Монгол Улс дахь ашигт малтмалын хайгуулын төслүүдээ урагшлуулах зорилгоор "Kerry Mining" группийн гишүүн компанитай хувьцаа худалдан авах захиалгын гэрээ байгуулж, 3.06 сая ам.долларын (m) хөрөнгө оруулалт татахаар болсноо албан ёсоор мэдэгдлээ.

Гэрээний дагуу нийт 203.9 сая ширхэг депозитар баримтыг (CDI) тус бүрийг нь 1.5 центийн үнээр гаргах бөгөөд хөрөнгө оруулалт бүрэн дууссаны дараа захиалагч тал "Azzuro Resources" компанийн өргөтгөсөн хувьцааны капиталын 19.9 хувийг эзэмших юм. Энэхүү хөрөнгө оруулалтын үнэ нь тус компанийн хувьцааны 15 хоногийн жигнэсэн дундаж ханш болох 1.36 центоос 10 хувийн нэмэгдэлтэй (premium) үнэ аж. Хэлцлийг ирэх 10 дугаар сарын 19-ний өдөр эцэслэн дуусгахаар төлөвлөжээ.

Хөрөнгө оруулагч "Kerry Resources Logistics (Hong Kong)" компани нь 2000-аад оны дунд үеэс эхлэн Монгол Улсын байгалийн баялгийн хайгуул, олборлолтын салбарт идэвхтэй ажиллаж буй, тэр дундаа "Баян Айраг" алт-зэсийн төслийг хөгжүүлж байсан туршлагатай "Kerry Mining" группийн гишүүн юм.

Монгол дахь хоёр гол төсөл хөдөлнө

"Azzuro Resources" компани татсан хөрөнгөө Монгол дахь эзэмшлийн талбайнуудын хайгуул, үнэлгээ болон эргэлтийн хөрөнгөд зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд үүнд дараах хоёр гол төсөл багтаж байна:

  • "Red Hill" (Улаан толгой) зэс-алтны төсөл: AZ9-ийн 100 хувь эзэмшдэг галт уулын гаралтай масс сульфидын төсөл. Одоогоор тус талбайд 0.71-0.9% зэс, 0.26-0.4г/т алтны агууламж бүхий 15-30 сая тонн (Mt) хүдрийн хайгуулын зорилтот нөөц байна гэж таамаглаж байна. Саяхан 10 дугаар сарын эхээр тус талбайн "MU2613A" цооногоос 7 метрийн зузаантай хагас масс болон масс сульфидын үелэл илэрсэн бөгөөд лабораторийн шинжилгээний хариу хүлээгдэж байгаа юм. Энэхүү төсөлд нийт 1750 метрийн гүн бүхий 4 цооног өрөмдөхөөр төлөвлөжээ.

  • "Oval" зэс-никелийн олдвор: Ямбат талбайд байрлах зэс-никель-ПГЕ-ийн олдвор бөгөөд 0.3-0.7% зэс, 0.26-0.6% никелийн агууламжтай 6-25 сая тонн хүдрийн хайгуулын зорилтот нөөцтэй. Өнгөрсөн есдүгээр сард хийсэн индукцийн туйлшралын (IP) ажлаар геофизикийн 5 тэргүүлэх зорилтот бүсийг тодорхойлсон бөгөөд тус талбайд нийт 4085 метрийн гүн бүхий 10 цооног өрөмдөх урьдчилсан хөтөлбөр гаргаад байна.

Компаниас эдгээр хайгуулын зорилтот хэмжээ, агууламж нь одоогоор урьдчилсан таамаглалын шинж чанартай бөгөөд эрдсийн нөөцийг албан ёсоор тогтооход хангалттай хайгуул хийгдээгүй, цаашид нарийвчилсан хайгуулын үр дүнд эрдсийн нөөц баталгаажих эсэх нь тодорхойгүй байгааг онцолсон байна.

Гэрээний дагуу "Kerry Resources Logistics" компани нь "Azzuro"-ийн хувьцааны 15-аас доошгүй хувийг эзэмшиж байх хугацаандаа Төлөөлөн удирдах зөвлөлд (ТУЗ) нэг захирлыг нэр дэвшүүлэх эрхтэй болох ч одоогоор энэхүү эрхээ ашиглах бодолгүй байгаагаа илэрхийлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10