Энэ явдал ногоон шилжилтийг өөр өнцөгөөс дахин нэг харахад хүргэлээ.
Индонезийн зүүн өмнөд Сулавеси арлын гүнд орших Толаки уугуул иргэдийн шүтээн болсон онгон ой мод өдгөө цахилгаан автомашины батерейны гол түүхий эд болох никелийн олборлолтоос болж бүрмөсөн сүйрч байна. Нэгэн цагт бурхад оршдог хэмээн нутгийн иргэдийн нандигнан хамгаалж ирсэн уул толгодууд өнөөдөр уул уурхайн гүнзгий ангал, улаан шороо болон хувирчээ. Жилийн турш үргэлжилсэн олон улсын сэтгүүлчдийн эрэн сурвалжлах мөрдөн байцаалтаар, Индонезийн ойн гүнээс олборлосон энэхүү никель нь Хятадын үйлдвэрүүдээр дамжин Европ дахь Фольксваген (Volkswagen) болон түүний өрсөлдөгч авто аварга компаниудын цахилгаан машины батерейг тэжээж байгаа нь илэрлээ. Энэ нь авто тээврийн салбарын байгаль орчинд ээлтэй ногоон шилжилтийн цаана нуугдсан байгаль орчны асар том хор уршиг, экосистемийн сүйрлийг илчилж хэрэг боллоо.
Дэлхийн хоёр дахь том автомашин үйлдвэрлэгч Фольксваген групп нь Европын цахилгаан автомашины зах зээлийн 27 хувийг дангаараа эзэлдэг. Судалгаагаар тус компанийн батерейнд ашиглагдаж буй нийт никелийн даруй 70 гаруй хувь нь Индонезийн уурхайнуудаас гаралтай байгаа нь бусад өрсөлдөгч нарынхаас харьцангуй өндөр үзүүлэлт юм. Хамгийн гол зөрчил нь цахилгаан автомашин дэлхийн дулаарлын эсрэг ногоон ирээдүйг амлаж байгаа ч түүнийг бүтээх түүхий эдийг дэлхийн хамгийн баян биомасс, өвөрмөц ан амьтад оршдог онгон ойг устгах замаар гарган авч байгаад оршиж байна. Толаки иргэдийн нутагладаг энэхүү бүс нь дэлхийн хамгийн том никелийн орд бөгөөд тус арал дээрх хөхтөн амьтдын 98 хувь нь дэлхийн өөр хаана ч байдаггүй ховор төрөл зүйлүүд байдаг юм байна.
Никель олборлож буй "Чахая" болон "Хэнгжая" хэмээх уурхайн аварга цогцолборууд нь хуулиараа үйлдвэрлэлийн бус, зөвхөн ойн аж ахуйн зориулалтаар ашиглагдах ёстой тусгай хамгаалалттай бүсэд байрладаг. Гэвч Индонезийн засгийн газар уул уурхайн хөрөнгө оруулалтыг татахын тулд 2021 онд хуулиндаа өөрчлөлт оруулж, хамгаалалтын бүсийг сулруулснаар ойн санг сүйтгэх Ногоон гэрлийг асаажээ. Хиймэл дагуулын зураг болон олон улсын байгууллагуудын тооцоогоор, сүүлийн таван жилийн хугацаанд тус хоёр уурхайн орчимд 2,360 гаруй гектар онгон ой устаж үгүй болсон нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 3,500 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний нутаг дэвсгэр юм. Ой мод устаж, хөрсний элэгдэл нэмэгдсэнээр доод урсгал дахь гол мөрнүүд бохирдож, нутгийн иргэд үе үе усанд автах гамшигтай нүүр тулав.
Үүнээс гадна уурхайн тэлэлт нь Олон улсын байгаль хамгааллын холбооны (IUCN) улаан номонд орсон, мөхлийн ирмэгт байгаа одой одос үхэр буюу аноа (anoa)-гийн амьдрах орчныг бүрмөсөн үгүй хийж байна. Сүйрч буй энэхүү баялаг экосистемийн улмаас агаар мандалд 1.9 сая тонн нүүрстөрөгчийн хий (CO2) ялгарсан нь 410,000 гаруй уламжлалт дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашины нэг жилийн утаатай тэнцэж байна. Энэ нь цахилгаан автомашины байгаль орчинд авчрах урт хугацааны ашиг тусыг урьдчилж устгаж буй хэрэг хэмээн эрдэмтэд Nature сэтгүүлд анхааруулжээ. Гэвч Фольксваген групп болон батерей нийлүүлэгч Хятадын КАТЛ (CATL), Өмнөд Солонгосын Эл Жи (LG) компаниуд өөрсдийн тогтвортой хөгжлийн тайландаа энэхүү ойгүйдэл, байгалийн сүйрлийн талаар ямар ч мэдээлэл дурдаагүй аж.
Сэтгүүлчдийн мөрдөн шалгасан түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээгээр, Чахая уурхайгаас гарсан никелийн хүдрийг Хятадын "Zhejiang Huayou Cobalt" компанийн Индонези дахь боловсруулах үйлдвэрт хайлуулан химийн бодис гаргаж аваад, улмаар Хятад дахь батерейны катодын үйлдвэрүүд рүү усан онгоцоор тээвэрлэдэг байна. Тэндээс бэлэн болсон батерейны үүрүүд Европ болон АНУ дахь Фольксвагены Braunschweig, Zwickau үйлдвэрүүдэд хүргэгдэн, олон сая хэрэглэгчдийн худалдан авдаг ID.3, ID.4 болон Audi Q4 e-tron зэрэг хүлэмжийн хий ялгаруулдаггүй хэмээн сурталчилдаг машинуудад угсрагддаг байна. Энэхүү сүлжээнд зөвхөн Фольксваген төдийгүй Вольво, Форд, Женерал Моторс, БМВ, Мерседес-Бенз зэрэг бусад авто аваргууд ч холбогдсон бөгөөд тэд бүгд нийлүүлэгчдээсээ байгаль орчны стандарт шаарддаг гэсэн ерөнхий хариулт өгч, бодит аудит шалгалтын дүнгээ нууцалсаар байна. Хамгийн харамсалтай нь, Европт Фольксвагеныг Ногоон санхүүжилтийн системээр дэмжиж, тэрбум тэрбумын хөрөнгө оруулалт хийж байгаа ч уугуул иргэдийн хэлж буйгаар байгаль орчны бодит хохирол, сүйрэл нь Индонезийн хөрс дээр үлдэж, харин ашиг тус нь өөр газар руу урсаж байна.
ТАТАР МАЙДАР





Эдийн засаг



