Монгол Улсын байгалийн хийн салбарт томоохон ахиц дэвшил гарч, Өмнөговийн бүс нутаг дахь Тавантолгойн XXXIII талбайд хэрэгжиж буй "Улаан нуур" (Red Lake) нүүрсний давхаргын метан хийн төслийн бүтээн байгуулалтын нарийвчилсан төлөвлөгөө гарлаа. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Jade Gas Holdings" компани Монголын засгийн газартай хамтарсан "Methane Gas Resource" (MGR) охин компаниараа дамжуулан уг төслийг хэрэгжүүлж байгаа юм.
Төслийн урт хугацааны төлөвлөгөөнд нийт 3 үе шатны хүрээнд 800 цооног өрөмдөхөөр тусгасан боловч урьдчилсан тооцооллоор тус талбай нь 1400 хүртэлх цооногийг дэмжих боломжтой гэж үзэж байна. Эхний шатны хүрээнд Улаан нуур" хөгжлийн бүсэд 175 хэвтээ цооног өрөмдөх бөгөөд үүнийг дагалдан авто зам, ус хадгалах болон зайлуулах систем, хий хэмжих байгууламж, эрчим хүчний батерей хуримтлуурын систем зэрэг дэд бүтцийг иж бүрнээр нь байгуулах аж. Дараагийн хоёр ба гуравдугаар шатанд дахин 625 цооногийг нэмж өрөмдөхөөр төлөвлөжээ.
Төслийн нэгдүгээр шатны нийт хөрөнгө оруулалт 762.5 сая ам.доллар (орчим 1.1 тэрбум австрали доллар) байхаар тооцоолсон бөгөөд үүнээс 150 сая ам.долларыг шингэрүүлсэн байбийн хий (ШНХ / LNG) боловсруулах үйлдвэр барихад зарцуулна. Энэхүү үйлдвэр нь эхний ээлжинд олборлолт явуулах 40 орчим цооногийн хийг зах зээлд гаргах бөгөөд цаашид үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх замаар өргөтгөх боломжтой модулийн бүтэцтэй байх юм.
Санхүүжилтийн хувьд "Jade Gas" компани Хятадын "PT Beijing Energy Linking" компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулаад байна. Уг гэрээний дагуу Хятадын тал нэгдүгээр шатны гэрээний зардлыг 100 хувь бүрэн санхүүжүүлэх бөгөөд эргэн төлөлтийг ирээдүйд борлуулах хийн орлогоос хуваах замаар хийхээр тохиролцжээ. Ингэснээр "Jade Gas" компани төслийн өмчлөх эрхийг өөртөө хэвээр үлдээх боломжтой болж байгаа юм. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр "PT Beijing Energy Linking" ажиллах бөгөөд туслан гүйцэтгэгчээр Хятадын төрийн өмчит аварга корпораци болох "PetroChina" болон "Hunan Geology & Mining Technology" компаниуд ажиллахаар санал болгогджээ.
Түүнчлэн, энэ оны 4 болон 6 дугаар сард төслийн үнэлгээний тайлан болон анхны нөөцийн тайлан батлагдсан байна. Энэ нь Монгол Улсын түүхэнд батлагдсан анхны байгалийн хийн нөөц болсон бөгөөд зохицуулах байгууллагатай 502 хавтгай дөрвөлжин километр талбай бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлийн бүсийг эцэслэн тохирчээ. Төслийн үндсэн барилга угсралт, бүтээн байгуулалтын ажил энэ оны сүүлээс эхлэх бөгөөд ирэх 2027 оны 2-3 дугаар сард өрөмдлөгийн ажлыг албан ёсоор эхлүүлэхээр зорилт тавин ажиллаж байна. Бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын хүрээнд ажиллах хүчнийг өргөтгөн элсүүлж байгаа бөгөөд одоо байгаа "Ред Лэйк" хотхоныг 500-аас 750 хүн хүлээн авах хүчин чадалтай болгон өргөтгөхөөр төлөвлөжээ.
ТАТАР МАЙДАР






Эдийн засаг




